ТӨВ: Монголын үндэсний археологи, угсаатны музей ирэх оны 6 дугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-11 08:27:52

Зуунмод /МОНЦАМЭ/. Монголын үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажлыг Зуунмод хотод 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эхлүүлж байсан. Тус барилгын ажилтай Соёлын сайд Ч.Номин Төв аймагт ажиллах үеэрээ танилцсан бөгөөд гүйцэтгэгчид 2024 оны 6 дугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэв.


Энэхүү барилга нь 18 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 100 хувь улсын төсвийн хөрөнгө оруулалттай Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори болох юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй тендер зарлаж, тус барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Тэргүүн Чансаа” ХХК ажиллахаар болжээ. Энэхүү барилгыг 8200м.кв талбайд барих бөгөөд Японы угсаатны зүйн музейн ерөнхий загварыг удирдлага болгож барилгын ажлаа эхлүүлж байжээ.

Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байна.

Тус барилга ашиглалтад орсноор биет болон биет бус соёлын өвийг цогцоор нь хадгалах хамгаалах, иргэд олон нийтэд сурталчлах, таниулах, түүхэн олдворуудын насжилтыг зориулалтын орчинд судлах зэрэг маш олон давуу талтай.

 

 

相关新闻