СЭЛЭНГЭ: Нэгдсэн эмнэлгийн "Амин зүрх" баг цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-15 12:31:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд Нэгдсэн эмнэлгийн "Амин зүрх" баг бусдыгаа манлайлж, цомын эзэд боллоо.

 

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт 1406 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид ажиллаж байна.

 

Эдгээрийн төлөөлөл болсон шилдэг 280 тамирчин, урлагийн авьяастнууд оролцсон ажил мэргэжил, урлаг, спортын олон төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ширүүн өрсөлдөөн дунд боллоо.

 

Таван хан уулаараа овоглосон эрүүл мэндийн салбарынхан” уриатай уг уралдааны урлагийн төрөлд найман баг өрсөлдөж тэргүүн байрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Арга билиг" баг, дэд байрт аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Эрүүл мэндийн даатгал, Сүхбаатар сумын ӨЭМТ-үүдийн хамтарсан "Титэм" баг, гутгаар байрт Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн "Хараа" баг тус тус авьяас чадвараараа шалгарлаа.

 

Мөн тэмцээний ажил мэргэжлийн онцлогийг харуулсан  ур чадварын тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Амин зүрх" баг тэргүүлж, удаах байрт Мандал бүсийн "Мандал" баг, гутгаар 3-р байрт аймгийн ЭМГ-ын "Цагаан дэнлүү" баг тус тус шалгарчээ.

 

Тэмцээний нэг сонирхолтой хэсэг болох сур харвааны төрөлд 8 багийн 16 тамирчин оролцож, багийн нийлбэр дүнгээр Б.Баттулга ахлагчтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Арга билиг” баг түрүүллээ. Удаах байруудад Б.Нямхишиг ахлагчтай Сүхбаатар сум дахь ХХЭМТ-ийн “Амин дусал” баг, М.Гантүшиг ахлагчтай Цагааннуур бүсийн “Энхийн манаа” багууд тус тус шалгарлаа.

相关新闻