Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-05 18:49:40

Да хүрээ захын автомашин, сэлбэгийн худалдаачид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

“Их тэнгэрийн хас “ нийгэмлэгийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ууганцэцэг ярихдаа, “Анхнаасаа ямар ч бизнес үндэслэлгүй баригдсан газар руу бид нүүхгүй. Бэлэн болоогүй байгууламж руу нүүлгэж, биднийг хохироох гэж байна. Нэг сая төгрөгийн өртөгтэй барих боломжтой зогсоолыг 4 сая төгрөгөөр үнэлээд зогсохгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийг хүчээр нүүлгэж хохироох гэж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс гурван захад үйл ажиллагаа явуулдаг компани, наймаачид нэгдсэн. Ченж нэртэй 6000-8000 иргэн, тэдний ар гэрийн нийт 20-30 мянган иргэн дээрх захуудаас хоолоо олж идэж байгаа. Эдгээр иргэдийн эрх зөрчигдөж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус цогцолборт 17-хон машин худалдаалахаар тавьсан байсан. Энэ нь тус газарт бизнес хийх боломжгүй гэдгийг харуулж байна” гэв.

Тэд Авто худалдааны цогцолборын байрлал буруу, хөрс нь цэвдэгтэй, хотын бохир үнэртдэг, нянгийн бохирдолтой, 130 га газарт цогцолбор байгуулна гэсэн ч дөнгөж 20 газрыг тохижуулчихаад наймаачдыг хүчээр гаргах гэж байгаа гэдгийг мөн хэлж байлаа. 

Мөн хэрвээ албан тушаалын давуу байдлаа ашиглаад төрийн байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлэх байдлаар хандах  юм бол эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлах, зам хаах  гэх мэтээр арга хэмжээ авч тэмцэх болно гэдгээ илэрхийллээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻
注释