Орон нутгийнханд онцгой байдлын тусламжийг тасралтгүй хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 17:23:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэд шатахуун тасалдсантай холбоотой гомдол, мэдээллийг УОК-т тасралтгүй ирүүлж байна.


Шатахууны хомсдолоос үүдэж хот хоорондын ачаа тээвэр тасалдах, отор нүүдэл, мал махны тээвэр, борлуулалтад бэрхшээл тулгарч байгаа тул УОК-ын шуурхай штабыг хуралдуулж, өвлийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүч болон цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцжээ.


УОК-ын мэдээлснээр, баруун бүсэд одоогоор 14.6, хангайн бүсэд 14.4, хойд бүсэд 8.2, төвийн бүсэд 6, говийн бүсэд 12.5, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гаргажээ. 


Дулааны цахилгаан станцуудын хувьд 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байгаа. Энэ сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрс, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 мегаваттад хүрэхийг тооцоолсон тул эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж, эрсдэлийг тооцоолохыг УОК-оос үүрэг болголоо.


Нийслэлд шахмал түлшийг тээврийн 24 компани зүүн үйлдвэрийн агуулахаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж, 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэгт 8.5 мянган тн мидлинг, 6.3 мянган тн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлжээ.


УОК-оос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагад өвлийн бэлтгэл хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хянах үүрэг чиглэл өгсөн ч хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой байж, бэрхшээлийг давах шаардлагатай байгааг УОК-ын дарга С.Амарсайхан тодотгосон юм.


Баруун бүсийн аймгуудад хүндхэн өвөл болох төлөвтэй тул отрын малчдын нөхцөл байдлыг хянах үүрэг өглөө. Одоогоор 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа. Энэ тоо өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй, зам даваа хаасан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болгов.


Шатахуунгүйн улмаас өөд болсон хүнээ нутаглуулж, буяны ажлыг нь хийж чадахгүй байна гэх гомдол ирсэн тул нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож буйг тогтмол мэдээлэхийг онцлов. Шатахууны хомсдолыг ойрын хугацаанд шийдэх хэдий ч улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол, үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлтэй тул онцгой анхаарахыг сануулжээ.

 

相关新闻