Монголд эрэлтэд тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, худалдан авалтад тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Үйлдвэрлэгчдийн уулзалт” өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.
Уулзалтад ХХААХҮЯ, Монголын жижиг дунд дэлгүүрүүдийг дэмжих холбоо (МЖДДДХ), Махны холбоо, Сүүний холбооны төлөөллөөс гадна 50 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Монголын аж ахуйн нэгжүүд эрхлэгчид хэрэглэгийнхээ эрэлт, худалдан авах чадварыг харгалзахгүйгээр бүтээгдэхүүн үйлдэрлэж байгаа нь ирээдүйд компаниа дампууруулах эрсдэл дагуулж байгааг уулзалтад оролцогчид онцолж байв.
Монголын үйлдвэрлэл, худалдааны тогтолцоо гажуудалтай байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч үйлдвэрийнхээ хүчин чадлын хэмжээгээр бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд иргэдийн эрэлтийг давж, илүүдэл гаран, үйлдвэртээ буцдаг байна. Өмнө нь үүнийг төдийлөн хэрэгсэдэггүй байсан бол эдийн засгийн хүндэрсэн зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болоод байгааг МЖДДДХ-ны “Эй Ти Март” төслийн зөвлөх Д.Нарантуяа хэллээ.
Тэрбээр, “Статистик мэдээллээс харахад эдийн засаг хүндрэл эхэлснээс хойш 10 үйлдвэр тутмын нэг нь, гурван дэлгүүр тутмын нэг нь үүдээ барьж байна. Энэ нь эрэлтээ судалдаггүйтэй холбоотой. Би бүтэн талх авдаг байсан бол өнөөдөр талыг авмаар байна. Эдийн засгийн хүндрэлгүй үед тал талхыг нь хаядаг байсан бол өнөөдөр миний худалдан авах чадвар буурсан учраас хэмнэлттэй байх нь зөв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, эрэлт хоёрын дунд зөрүү гарна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчийн эрэлтийг судалж, үйлдвэрүүдэд захиалга өгдөг, үйлдвэр тэр хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргадаг байх нь туйлын чухал. Ингэснээр үйлдвэрлэл болон зах зээлээ зохистой удирдаж чадна. Үйлдвэрлэгч, худалдан авагч болон төр нэгдэж борлуулалтын оновчтой суваг бий болгохгүй бол бүтээгдэхүүн маш олон дамжлага дамжиж байгаа. Үүнийг л төрийн зүгээс бодлогоор зохицуулаасай гэж хүсч байна. ДЭМБ жилд 1.3 тэрбум тонн хүнс хаягдаж байна гэсэн судалгаа гаргасан. Гэтэл 2050 онд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрнэ. Өнөөдрөөс үйлдвэрлэл, хэрэглээгээ зохистой удирдаж чадахгүй бол 2050 онд хүнсний хомсдолд орно. Дэлхий нийт ч үүнийг ухаарч, ухаалаг хэрэглээг эрхэмлэх болсон. Бид үүнд нэгдэхээс өөр арга байхгүй” хэмээв.
Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого сул байгааг "Босоо дөрөв " компанийн гүйцэтгэх захирал Б.Батаа онцлов.
Тэрбээр, “Монголд монопол үйлдвэрүүд давамгайлж байна. Мөн импортын бараа. Жижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлэхдээ аль болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьдаг. Гэтэл дотоод, гадаадын дэвшилтэт технологи бүхий компаниудтай өрсөлдөж чаддаггүй. Яагаад гэхээр техник технологи хэт хоцрогдсон учраас бүтээгдэхүүн өндөр өртөгтэй гардаг. Тиймээс төрийн зүгээс бидний технологийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжээсэй эж хүсч байна. Мөн импортын барааны татварыг нэмэх замаар дотоодын аж ахуйн нэгжүүдынхээ өрсөлдөх чадварыг сайжруулах нь чухал. Мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан нь иргэдийн ухамсар. Иргэд аль болох хямдхан юм авах бодолтой. Гэтэл чанаргүй бүтээгдэхүүн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс эхлээд олон эрсдэл дагуулдаг. Чанаргүй юм их хэмжээгээр авах биш чанартай зүйлийг багаар авч хэрэглэж сурах хэрэгтэй. Чанар дагаж үнэ өсдөг. Түүнийг ойлгох хэрэгтэй” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр