“Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-09 16:38:25

“Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 09-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.

Үзэсгэлэн худалдаанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан,  уул уурхай, барилга, үйлдвэр үйлчилгээ, бэлэн хувцас, банк санхүү зэрэг салбар бүрийн 40 гаруй  аж ахуй нэгж,  100 гаруй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд говийн малчид хангайхнаас дутахааргүй сүү цагаан идээ боловсруулан оролцож байгаа бол гарын урчуудын  урласан үнэт эдлэл, мөнгөн аяга, модон сийлбэр хэрэглэгчдийн сонирхлыг татаж байгаа аж.

Ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Сайншанд сумын ЗДТГ, тус аймгийн ХХААГ, МХГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс,Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Дорноговь аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж буй. Үзэсгэлэн худалдаа 2 хоног үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

相关新闻