ОРХОН: БНСУ-ын Дэгү хотын эмнэлэгтэй Орхон аймаг хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/648bc3b6cf2d4.jpeg)
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон
аймаг эрүүл мэндийн салбартаа нийт хөрөнгө оруулалтынхаа 20 гаруй хувийг зориулж, дэвшилтэт технологи,
эмчилгээний аргачлал, эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ, чадварлаг хүний нөөц,
хүртээмжтэй үйлчилгээгээрээ Монгол Улсдаа тэргүүлдэг.
Энэ оны тавдугаар сард
Орхон аймаг эрүүл мэндийн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж БНСУ-ын
Дэгү хотын “Эрүүл мэндийн аяллыг дэмжих төв”-тэй хамтран ажиллах санамж
бичиг байгуулсан.
Тус санамж бичигт хоёр
орны эмч нарын баг туршлага судлах, шинэ арга, аргачлалыг орон нутагтаа
нэвтрүүлэх, эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллаж, мэдээлэл
солилцох, Орхон аймгийн эмч, эмнэлгийн ажилтуудыг БНСУ-д чадавхжуулах, сургалтад
хамруулахаар тусгажээ.
Ирэх сард дахин байгуулах
гэрээнд Бусаны их сургуулийн эмнэлэгтэй
хамтран БОЭТ-д алсын зайн оношилгоо, эмчилгээний тасаг байгуулах, хүнд өвчтнийг
алсын сайн телемедицин ашиглан эмнэлзүйн конференц болон оношилгоо, эмчилгээ
хийх, Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд
өвчтэй Орхон аймгийн нэг иргэний мэс заслыг БНСУ-д үнэ төлбөргүй хийх талаар
тусгах гэнэ.
Мөн БОЭТ-өөс нэг эмч, IT инженерийг Бусаны эмнэлэгт
ажиллуулж, цалинжуулах олон давуу тал
бүрдэж байна. Орхон аймгийн эрүүл
мэндийн салбар нь бүс нутагтаа өөрсдийн давуу талаа бий болгож, эмнэлгийн
өрсөлдөх чадвараараа дээгүүрт бичигддэг бөгөөд эрүүл мэндийн аялал жуулчлалыг
хөгжүүлэхээр зорьж байгаа юм.