ОРХОН: Хотын гэрэлтүүлгээ стандартад нийцүүлж шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 40 гаруй жилийн насжилттай хотын гэрэлтүүлгээ стандартад нийцүүлэн 100 хувь шинэчилж байна.
Энэ оны Орхон аймгийн хөрөнгө оруулалтын нэг томоохон ажил нь авто зам болон явган замын гэрэлтүүлгийн шинэчлэл юм. Нийт 9 байршилд авто зам дагуух 275ш, явган зам дагуу 105ш нийтдээ 380 гэрэлтүүлгийг шинэчлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мөнх номгон” ХХК гүйцэтгэж байна.
Өмнөх жилүүдэд хэсэгчлэн болон урсгал засвар, шинэчлэл хийж байсан бол энэ жил 100 хувь шинэчилж буйгаараа онцлогтой. Гэрэлтүүлгүүдийн газар доорх кабель гэмтэж, ашиглалтын хугацаа дуусахын зэрэгцээ өнөөдөр мөрдөж буй гэрэлтүүлгийн стандарт шаардлагад нийцэхгүй болжээ.
Тодруулбал, гэрэлтүүлэг хоорондын зай харилцан адилгүй хол ойр, үүнээс улбаатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймд стандартад нийцүүлж, гэрэлтүүлэг хоорондын зайг 30-35 метрт суурилуулж байна.
Мөн Барилгачдын талбайн уулзвараас Сүмийн уулзвар хүртэл 30 ширхэг лед дэлгэцийг суурилуулна. Гэрэлтүүлгийн шинэчлэлийг хийснээр орчны аюулгүй байдал, ялангуяа оройн болон шөнийн цагийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн шинээр суурилуулж буй гэрэлтүүлэг нь хотын өнгө үзэмжийг сайжруулах, орон нутгийн онцлогийг шингээсэн хоёр төрлийн гэрэлтүүлэг юм.
Гэрэлтүүлэг суурилуулах ажлын газар шорооны ажил 95 хувьтай, шонгуудыг суурилуулах бэлтгэлээ бүрэн хангажээ. Хивсний уулзвараас Сүмтэй уулзвар хүртэлх гэрэлтүүлгийн шон суурилуулах ажил эхэлсэн байна. Гэрээний хугацаагаар ирэх аравдугаар сарын 15-нд дээрх ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Орхон аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой ирэх онд тохионо.