ОРХОН: Орхон аймаг, БНСУ-тай барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-16 11:22:07
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/Орхон аймаг уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан, эрүүл мэнд, боловсрол гэсэн аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ? Дөч гаруй жилийн түүхтэй, залуу хот цаашид хэрхэн, яаж хөгжих талаар “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье- 2023” хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулганы гол сэдэв байлаа.


Хоёр жилд нэг удаа болдог эдийн засгийн чуулган энэ удаа  “Хамтдаа Эрдэнэтэд  хөгжих”-ийг уриаллаа. Яагаад?

Нэгдүгээрт, Эрдэнэт хот уул уурхайг түшиглэж боссон учир эдийн засгийн чадамж, хүртээмж, чадавхаараа Монгол Улсдаа тэргүүлдэг.

Хоёрдугаарт, Зам, харилцаа, дэд бүтэц, харилцаа, холбоо сайн хөгжсөн тул нийгэм, эдийн засгийн эргэлт сайтай.

Гуравдугаарт, Хүн амын төвлөрөл ихтэй, залуучууд олонтой, байгаль, цаг уурын хувьд маш таатай уур амьсгалтай. Өөрөөр хэлбэл, ажиллаж, амьдрахад таатайгаас гадна зам дагаж ирэх хөгжил хурдан, уул уурхайг дагаж үүсэх эдийн засгийн эерэг нөлөө их юм. Үүний илрэл нь нэг хүнд ноогдох ДНБ нь Монгол Улсын дунджаас хоёр дахин их байгаа юм. Тухайлбал,  Орхон аймгийн  нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 17942.1, 2021 онд 29546.4, 2022 онд 32174.6 төгрөг байна.


Мөнгөтэй, хөрөнгөтэй, эдийн засгийн чадамжтай аймаг гэдгийг босч буй барилга, бүтээж буй байгууламж, харилцаж буй улс орон, хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрөөс нь харж болно. Ийм давуу талтай учраас Эрдэнэтэд ирнэ үү гэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэдийг урьж байгаа юм. Тиймээс Орхон аймагт хэрэгжиж буй “Орлогод нийцсэн орон сууц” төсөлд гадны хөрөнгө оруулагчид хэрхэн хамтран ажиллах болон хөгжлийн цаашдын зураглалын талаар танилцуулъя.


Эрдэнэт хотод “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна



Орхон аймагт хэрэгжиж буй “Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд, Их-Залуу багт “Багш” хотхон-40.8 га, Уртын гол багт 260 айлын орон сууц-1.8 га, Цагаанчулуут багт-11.9 га, Чандмань багт-3 га, Уурхайчин багт 150 айлын орон сууц-1.3 га, Баянцагаан багт “Эрчим” хороолол-8.5 га, Говил багт- 22.9 га, Оюут, Эрдэнэ багт  эрчим хүчний хэмнэлттэй хороолол-6.6 га талбайд орон сууц барина.


Эдгээрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, дотоодын барилгын компаниудтай хамтран ажиллаж бүтээн босгоно.


Тэгвэл “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Орхон аймагтай хамтран ажилладаг БНСУ-ын томоохон группийн нэг болох "BK Holdings" группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ өөрийн гурппийн нэгдэлд байдаг 16 компанийн төлөөлөлтэй чуулганд оролцож, БНСУ-ын барилгын ноу хау, барилга бүтээн байгуулалтын онцлогын талаар танилцуулсан юм.


Тэрбээр хэлэхдээ, “Энэ оны тавдугаар сард манай групп Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид Эрдэнэт хотын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын салбарт хамтран ажиллана. Манай улсын тэргүүлэх групп “BK Holdings”, “MAP Group”, “New Korea Energy” компани нь Эрдэнэт хотод сэргээн босголт, орон сууцны дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон ложистикийн байгууламж зэрэг аж үйлдвэрийн цогцолбор барих төлөвлөгөөтэй байна. Мөн олон улсын сургууль, эмнэлэг, судалгааны цогцолбор, аялал, жуулчлалын цогц төв, соёл, урлагийн цогцолбор, төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц зэрэг эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.


БНСУ-ын “New Korea Energy” компани хог хаягдал, хүнсийг хатуу түлш болгон хувиргаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаагаараа дэлхийд ухаалаг хот гэж нэрлэгдэж байна. Мөн Эрдэнэт хот “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн үйлдвэрийг түшиглэн автомашин угсрах болон автомашины эд анги үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах түүний технологи, техник хангамжийн чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ.


Түүнчлэн, БНСУ-ын “OK Green Energy”, “Hyunjin Metal”, “Gogo Tech”, “Bumjin Energy” компаниудтай хамтран Эрдэнэт хотод” BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулж Монгол Улсын аж үйлдвэрийн тэргүүний хот болоход нь хувь нэмрээ оруулна гэсэн юм.


“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулганы хамгийн чухал сэдэв “Орхон аймаг БНСУ-тай барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэх”-ээр болсонд чуулганд оролцогчид баяртай байлаа.  

 

相关新闻