“Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 22-23-нд зохион байгуулна.
Хурлыг ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах
олон улсын хүрээлэн, Нүүдэлчдийн судалгааны комисс, МУИС, Монгол судлалын хүрээлэн,
Монголын антропологийн холбоо, Виннипе, Оксфордын их сургууль, ЮНЕСКО хамтран
зохион байгуулах юм.
Хурлаар нүүдэлчдийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах, ёс
зүй, соёл хоорондын харилцан ойлголцолд оруулсан хувь нэмрийг судлан шинжлэх
юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь
-Нүүдлийн соёл бүхий улс оронд ёс зүй, ёс суртахууныг хэрхэн
ойлгодог талаар нэгдсэн мэдлэг ойлголт бий болгох,
-Нийгмийн тэгш байдлыг хангах, соёл хоорондын харилцан
ойлголцлыг бэхжүүлэхэд нүүдлийн соёлын ёс зүй ямар хувь нэмэр оруулсан талаар
судалж, баримтжуулах,
-Социализм болон колончлолын дараах улс орнуудад ёс зүйг
хэрхэн дахин тодорхойлж, дахин бүтээж байгааг судалгаа шинжилгээнд тулгуурлан
баримтжуулах,
-Хүний эрхэд суурилсан ёс зүй, ёс суртахууны тухай олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хурлын үеэр “Гарвал” үзэсгэлэнг Монголын Уран зургийн
галерейд энэ сарын 23-нд дэлгэнэ. Уг
үзэсгэлэнгээр дамжуулан залуу уран бүтээлчдийг уламжлалт соёл, эртний мэргэн
ухааныг хослуулсан уламжлал ба орчин үеийн нарийн огтлолцол бүхий уран
бүтээлтэй танилцуулах юм. Мөн үзэсгэлэнгээс оюун санаа, соёлын гүн залгамж
чанар, нүүдэлчдийн амьдралын хэв маягийн эрч хүчийг мэдрэх боломжтой. Энэхүү
үзэсгэлэнг Буриадын Амгалан Ринчинэ ба Киргизстаны Ынтымак Абдылдаев дэглэх юм.