Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга хүртлээ.
Боловсролын яамны мэдээлснээр, Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд зүүн өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ыг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Шагналын эзэн багш А.Уянга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь тэгш боломж олгох чиглэлээр тууштай ажиллаж, мэргэжлийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Мөн өөрийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургаж, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж иржээ. Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын сан”-гаас 10.000 ам.долларын шагнал гардуулжээ.
Тус шагнал нь
боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжил
болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.