БАЯН-ӨЛГИЙ: Казах түмний ширдэг, аравчуудын мэдээллийг Лондоны музейн цахим санд байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-26 12:51:09

Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын Харвардын их сургуулийн судлаач Кристен Пирсон сүүлийн  2 жилийн хугацаанд Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж, казах түмний хатгамал, ширмэл урлалыг судалж, бүртгэн баримтжуулж байна.


Уг судалгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотын Музейн дэмжлэгтэйгээр явуулж байгаа аж. Түүний хувьд археологич мэргэжилтэй бөгөөд Монгол Улсад хийсэн хэд хэдэн удаагийн археологийн малтлагын ажилд оролцож байжээ. Малтлагын явцад олдсон Түрэгийн үед хамаарах зарим олдворын хээ, угалзууд нь казах түмний аравч, ширдгүүдийн хээ, угалзуудтай маш төстэй байсан тул цаашид гүнзгийрүүлэн судлах санаа төрсөн байна.


Судлаач Кристен Пирсон сүүлийн 2 хугацаанд Баян-Өлгий, Ховд аймгийн казах иргэдийн гарт байгаа нийт 1000 гаруй ширдэг болон аравчийг бүртгэн баримтжуулжээ. Энэ бүх баримт мэдээллийг Лондон хотын музейн цахим санд байршуулна. Тус мэдээлэл нь англи, монгол, казах хэлээр хөрвүүлэн унших, татаж авах, хуваалцах боломжтой, сонирхсон хүн бүрд хүртээлтэй байх аж. Цахим санд тухайн гар урлалын бүтээгдэхүүний зураг, урласан хүний нэр, он, сар, хэнд зориулж бүтээсэн зэрэг мэдээллүүд байна.



Дээрх ажлын хүрээнд судлаач Кристен Пирсон Баян-Өлгий аймгийн Музейтэй хамтран энэ сарын 23-ны өдөр гар урлаач, соёлын биет бус өвийг өвлөн тээгчдийг оролцуулан “Өв соёлоо хадгалан хамгаалъя” өдөрлөг зохион байгууллаа.


Тус өдөрлөг нь мартагдаж буй соёлын биет бус өв болох аравч, ширдгийн төрлүүдийг цуглуулж баримтжуулах, иргэдийн гарт хадгалагдаж буй хатгамал, ширмэл урлалын төрлийг нээн илрүүлж баримтжуулах, сурталчлах зорилготой байв.


Өдөрлөгийн үеэр 50 орчим гар урлаач, өвлөн уламжлагчийн 75 гар урлалын бүтээгдэхүүнийг бүртгэн баримтжуулсан байна. 



相关新闻