Инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдээгүйн улмаас орон сууцны барилгын ажил зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-13 14:27:31
oyuka_hu@yahoo.com

Инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас барилгын ажил нь зогсоод байсан 1а хорооллын “Park View” хотхоныг цааш нь үргэлжлүүлэхийн тулд орон нутгаас тодорхой шийдвэр хэрэгтэй байна” хэмээн “ITG-Эрдэнэт” ХХК-ийн Төслийн менежер Б.Батсайхан хэллээ.

Тэрээр Орхон аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай уулзах уулзалтын үеэр уг мэдээллийг хийсэн бөгөөд улсын төсвийн хүндрэлтэй байгаа энэ үед компанийн хөрөнгөөр  инженерийн шугам сүлжээгээ барьж дараа нь орон нутгаас хөрөнгийг нь гаргах боломж байгаа эсэхэд тодорхой хариу хэлэхийг хүслээ.

“ITG-Эрдэнэт”ХХК Орхон аймгийн Баянцагаан багийн 7.2 га талбайд 1200 айлын орон сууц барихаас 2013-2016 он хүртэл 162 айлын орон сууц бүхий есөн давхар гурван барилгын суурийг тавиад байгаа юм. Үүнд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд барилгын ажлаа үргэлжүүлэх гэхэд инженерийн шугам сүлжээний хөрөнгийг орон нутгаас шийдвэрлэж чадахгүй байгаа юм.  Тодруулбал, орон нутагт хийгдэж буй орон сууцны хорооллын инженерийн шугамыг улсын хөрөнгөөр хийх шаардлагатай байдаг ажээ. Иймд энэ асуудлаар дахин ярилцаж яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж орон нутгийн удирлагууд үзлээ.

Инженерийн шугам сүлжээг барихад 8.2 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд хэрэв үүнийг шийдчихвэл 1а хороололд баригдах “Бөхийн өргөө”, “Их шүтээн цогцолбор”, “Аймгийн Музей” гээд цаашид баригдах бүх барилгын инженерийн шугам шийдэгдэнэ гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻