Орхон аймгийн оюутнууд ургац хураалтад тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-13 14:32:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн оюутнууд ургац хураалтад оролцож байна. Тус аймгийн “NBTV”, “ETV” телевиз, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран Маргад, ТИС, МУИС-ийн Орхон сургуулийн оюутнуудыг оролцуулсан “Мартагдашгүй намар” реалити шоу хийж байгаа юм.

Зураг авалтыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон” –оор өргөмжлөгдсөн “Орхон тариа” ХХК-ийн үтрэм, тариалангийн талбай дээр хийж байна.

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн гол зорилго нь оюутан, залуусыг хөдөлмөрт сургах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлттэй танилцуулж дадлага, туршлага хуримтлуулахад оршиж байгаа ажээ. Энэ үйл ажиллагааг  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут дэмжиж “Орхон тариа” ХХК-иар зочилж ургац хурааж буй  оюутнуудтай уулзлаа. 2015 оны “Улсын тэргүүний тариаланч хамт олон” өргөмжлөлтэй “Орхон тариа” ХХК улаан буудайн 1800 га гаруй эргэлтийн талбайтайгаас энэ жил 600 га-д нь тариалалт хийжээ.

Өнөөдрөөс тариа хураалт нь эхэлж байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад намрын ургац хураалтын ид үед хүн хүч ихээхэн шаардагддаг. Энэ хэрэгцээг харж хэвлэл, мэдээллийн байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллаж байгаа нь талархууштай байна хэмээн “Орхон тариа” ХХК-ийн захирал Д.Дэлгэрбаяр хэллээ.  Тус компани галуу, цацагт хяруулын аж ахуйтай. Мөн хашаандаа 30 нэр төрлийн жимсний мод, бут тарьжээ.

                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

相关新闻