Махны үнэ 16.3 хувиар буурсан үзүүлэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-14 10:29:30
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Статистикийн хэлтэс аймгийн  эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг танилцууллаа. Эхний найман сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого 7.9, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.2, бүтээгдэхүүн борлуулалт 0.9,  авто тээврийн  орлого 18, худалдааны бараа гүйлгээ 4.4, нийтийн аж ахуйн орлого 9.5,  ахуйн үйлчилгээний орлого 4.1 хувиар  өссөн байна.

Өнгөрсөн сарын байдлаар аймгийн төсөвт 53.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь гүйцэтгэл 112 хувьд хүрсэн гэсэн үг юм. Нийт зарцуулсан хөрөнгийн 31.6 хувийг ангилагдаагүй бусад зардалд, 28.2 хувийг боловсрол, соёл, урлаг, 24.5 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 13.3 хувийг нийгмийн даатгал, халамжид, 1.8 хувийг эрүүл мэнд, амралт спортын салбарт зарцуулжээ.

Тэгвэл тайлант хугацаанд аймгийн аж үйлдвэрийн салбар 830.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Нийт үйлдвэрлэлтийн 90.7 хувийг уул уурхай, 2.3 хувийг цахилгаан дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлт, 7 хувийг боловсруулах салбар эзэлж байна.

Мөн аймгийн Статистикийн хэлтсээс хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг судлахдаа 213 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулжээ. Наймдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байгаа гэж мэдээллээ. Мөн зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн буюу хүнсний ногооны үнэ 25.5 хувиар, махны үнэ 16.3 хувиар, жимсний үнэ 5.9 хувиар буурчээ. Харин Барилга угсралт, их засварын ажил 18.9 хувиар, Холбооны салбарын нийт орлого 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻