Үндэсний хэмжээний зөвшилцлөөр ногоон эдийн засагт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-10 19:34:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зохион байгуулсан “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын салбар хуралдаан өнөөдөр “Ногоон хөгжил-ногоон санхүүжилт” сэдвээр үргэлжилсэн юм.


Уг салбар хуралдаанаар ногоон хөгжлийг хангах ногоон санхүүжилтийн эх үүсвэр, үндсэн арга зам нь карбоны зах зээл гэдгийг онцоллоо. Тодруулбал, энэ зах зээлийн эрх зүй, хөрөнгө оруулалт, энэ талын институцийн өөрчлөлт зэргийг тодорхой болгох, ногоон хөгжил-санхүүжилтийн талаар Үндэсний зөвшилцлийг бий болгох талаар хэлэлцсэн юм.


Учир нь энэ бол зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш. Энэ бол бүх салбарыг хамарсан, төр, засаг, олон нийтийн оролцоотой, Үндэсний хэмжээний зөвшилцлийг бий болгох явдал юм. Ингэж байж манай улс ногоон эдийн засаг, ногоон хөгжил рүү шилжинэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын “Ногоон хөгжил-ногоон санхүүжилт” салбар хуралдаан дээр онцолсон юм.


Ногоон хөгжил-ногоон санхүүжилтийн талаар олон улсад хийгдэж буй ногоон санхүүжилт, ногоон бонд гаргах, бие даасан санхүүжилтийн тогтолцоог бий болгон бэхжүүлэх хэрэгтэй байгааг хэлэлцлээ. 





Олон улсын байгууллагууд Монгол Улс уур амьсгалын тухай шинэ хуультай болохыг зөвлөжээ.


Монгол Улс бизнес-санхүүгийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийг илэрхийлэх “Ногоон таксономи”-г дэлхийн хэмжээнд анхлан баталсан цөөн орны нэг юмҮүнийг банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нар болон бодлого боловсруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг тодорхойлохдоо ашигладаг. Ногоон таксономи нь аль нэг салбараар хязгаарлагдахгүй, бизнесийн бүхий л салбарыг хамаарах шалгуур үзүүлэлт юм.


Харин карбон кредит гэдэг нь Парисын хэлэлцээрт тухайн улс хүлэмжийн хийг бууруулах, хүлээсэн үүргээ биелүүлэхэд ашиглаж болох нэг төрлийн арга хэрэгсэл юм.

相关新闻