Монгол-Японы бизнес, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон улсын хоорондох бизнес харилцаа, хамтын ажиллагаа нь цаашид мэдээллийн технологи, инновацын чиглэлээр өргөжин хөгжих боломжтой хэмээн “DX Mongolia” холбооноос үзэж байна.
Тиймээс тус холбоо мэдээллийн
технологийн салбарт суралцагч, оюутнуудад зориулсан тэмцээн зохион байгуулжээ.
Тэмцээний үр дүнг удахгүй болох Монгол-Японы бизнес форумын үеэр
танилцуулах аж.
Наймдугаар сарын 18-нд
болох Монгол-Японы бизнес форумоор хоёр талын бизнес, хамтын ажиллагааны
боломжуудын талаар хэлэлцэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Тодруулбал, форумоор Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас
Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд, хувийн хэвшлийн түншлэлийн цаашдын байдлын
талаар танилцуулах аж.
Мөн Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөс Японы компаниудын Монгол дахь үйл ажиллагааны боломжуудын талаар хэлэлцүүлэх нь. Түүнчлэн форумоор “Ус цэвэршүүлэх, усны нөөцийг дахин боловсруулах”, “Замын хөдөлгөөний түгжрэлийг сайжруулах, агаарын бохирдолтой тэмцэх”, “Нүүрс төрөгч багатай уул уурхай, шинэ үйлдвэрүүдийг байгуулж, импортыг орлуулах” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэнэ.
“Монгол-Японы бизнес форум-2023”-ыг ЭЗХЯ, МҮХАҮТ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Монгол дахь Японы худалдааны танхим зохион байгуулж байна.