Казахстан улсын санхүүгийн үйлчилгээний байгууллагатай санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 11:14:39

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн энэ сарын 4-7-нд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж байна.


Хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой айлчлалын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Астанагийн санхүүгийн үйлчилгээний байгууллага “Astana Financial Services Authoritу”-ын дарга Евгения Богданова нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцож, финтект суурилсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад чиглэсэн техник хамтын ажиллагаа явуулна. Мөн хөрөнгийн зах зээл, даатгал, финтек салбарын байгууллагуулын аюулгүй, найдвартай үйл ажиллагааг дэмжих хүрээнд санхүүгийн хяналт шалгалт хийхэд харилцан туслах, хоёр байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах юм.



Санхүүгийн зохицуулах хороо Астанагийн олон улсын санхүүгийн байгууллага хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр орны худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн салбарын хэлхээ холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо.


Астанагийн санхүүгийн үйлчилгээний байгууллага нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын гишүүн бөгөөд бусад орны санхүүгийн зохицуулагч 40 гаруй байгууллагатай хоёр талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажилладаг аж. 

相关新闻