ХЭНТИЙ: Цахим аймаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/64dcb1c228091.jpeg)
Чингис /МОНЦАМЭ/. E-Mongolia академын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт энэ 7 хоногт ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Мөн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв. Тодруулбал, энэхүү зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой аж.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан байна.