ХЭНТИЙ: Наадамд түрүүлсэн азарганы эзэн эрүүл мэндийн салбарт 30 сая төгрөг хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/64df570f997ef.jpeg)
Өмнөдэлгэр /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Сэцэн ханы хүлэг уяачдын холбооны санаачилгаар Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын Азарга насны морины уралдааны түрүү магнай Өмнөдэлгэр сумын уяач Ц.Отгонбаатар хар азарганыхаа бай шагналаас хишиг хүртээх сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Тодруулбал, нийт шагналын сангийнхаа 10 хувь болох 30 сая төгрөгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүд, хүүхдийн тасаг, Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвүүдийн засвар, тохижилтод зориулжээ. Улмаар энэ сарын 17-ны өдөр шинэлэг тав тухтай орчинг бүрдүүлж хүлээлгэн өгчээ.
Хэнтий аймгийн Сэцэн ханы хүлэг уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс ярихдаа “Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасаг нь их засварт орсон хэдий ч тохижилт дутуу, эмэгтэйчүүдээ хүлээн авах нэгдсэн үйлчилгээ байхгүй, мөн эмчийн үзлэгээ хүлээж байгаа эхчүүдэд суух зөөлөн сандалгүй, үзлэгийн эмчийн өрөөний тохижилт дутуу зэрэг асуудал тулгардаг байжээ. Ийнхүү хар азарганы хишиг хүртээх сайн үйлсийн аянаар тус хамт олон угталтын өрөө, эхчүүдэд зориулсан хүлээлгийн сандал, эмчийн өрөөг иж бүрнээр нь тохижуулан засварлаж өглөө. Мөн хүүхдийн тасагт хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулан цэвэр эко модон тоглоом зэргийг иж бүрнээр нь хандивлалаа” гэв.