Олон улсын эрдэмтэд чулуун зэвсгийн судалгааны талаар чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-24 11:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш эхэлнэ.


Хоёр өдөр үргэлжлэх тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм.


Монгол Улсын нутгаас хуучин чулуун зэвсгийн дурсгал анх олдсоноос хойш 100 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрээс чулуун зэвсгийн бүх үед холбогдох 2000 гаруй бууц, суурин илрүүлэн олсноос гадна дээд палеолит, неолитын үеийн хадны сийлмэл, зосон зургийн дурсгал ч цөөнгүй олдсон байна. Энэ хугацаанд чулуун зэвсгийн чиглэлээр 10 орчим орны их дээд сургууль, хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд хайгуул, малтлага судалгаа хийж, үр дүнг олон арван ном, өгүүлэл, илтгэл хэлбэрээр хэвлэн нийтлүүлсэн нь дэлхийд тодорхой хэмжээнд танигдаж, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн судалгаанд зохих хувь нэмэр оруулжээ. 


Эрдэм шинжилгээний хурал “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдвээр болох ч Монгол орны чулуун зэвсгийн судалгаагаар хязгаарлагдахгүй Төв, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн дурсгалууд, тэдгээрийн судалгааны үр дүнгийн талаар өргөн хүрээг хамарч байгаа аж. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, Франц, Англи, Польш зэрэг 10 орны 33 байгууллагын 84 эрдэмтэн судлаачдын оролцсон 31 илтгэл хэлэлцүүлнэ.



Энэ үеэр  АНУ-ын Аризоны их сургуулийн профессор Жон Олсен, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор И Сонбук, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Dr. Hab.,) Евгений Рыбин, БНПольш Улсын Вроцлавын их сургуулийн профессор Мирослав Масойч, Канадын Торонтогийн их сургуулийн профессор Лиза Женс тэргүүтэй АНУ, БНСУ, Япон, Канад, Польш , Англи, Франц , ХБНГУ-ын шилдэг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлэх нь Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа хэрхэн үнэлэгдэж буйг харуулж байна.


Тус хуралд “Монгол орноос олдсон 34 мянган жилийн өмнөх Салхитын бодгалийн генийн шинжилгээ”, “Неандартальчууд Алтайд нэвтрэн орсон нь”, “Говь-Алтайн нурууны Цагаан агуйн малтлага судалгааны шинэ үр дүн”, “Монголын палеолитын дурсгалууд дахь Төв Азийн амьтны аймгийн бүрдэл, төрөл зүйлийн төлөөлөл”, “Анчин түүвэрлэгчид мал мал ахуй эрхлэгчид болсон нь: Зүүн Монгол дахь хүн болон мал амьтны харилцаа, хамаарал” зэрэг олон сонирхолтой асуудлыг хөндсөн илтгэл танилцуулна.


Эрдэм шинжилгээний хурал нь чулуун зэвсгийн судалгааны сэдвээр манай улсад зохион байгуулагдаж буй анхны олон улсын хурал болохын зэрэгцээ Монгол нутагт чулуун зэвсгийн судалгаа, шинжилгээний ажил анх хийсний 100 жилийн ойтой давхцаж буйгаар онцлог аж.

相关新闻