Гурван мянган номын сантай сургалтын төв үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-16 09:32:56

Англи хэл сурах  тохилог орчинг номын сантай нь бүрдүүлж өгсөн “Хөгжлийн гүүр” сургалтын төв Мандалговьд үүдээ нээлээ. “Номын гүүр” олон улсын байгууллагын дэмжлэгээр энэхүү сургалтын төвийг байгуулжээ.

Мандалговь дахь сургалтын төв англи хэлээр хэвлэгдсэн 3000 гаруй ном, кинотой,англи хэлний яриа, бичгийн чадвар олгохоос гадна өсвөр үеийнхэнд амьдрах ухааны болон японы соробан сампингийн оюун ухаан хөгжүүлэх сургалт явуулна. Мөн  гэрийн даалгавараа хийх ая тухтай орчинг хүүхдүүдэд бүрдүүлж өгчээ.

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид ч англи хэлний мэдлэг, ярианы чадвараа сайжруулах боломжтой болж байна.

“Хөгжлийн гүүр” сургалтын төвийг Мандалговьд нээхэд “Номын гүүр” ТББ- ын КАП 8 багийн гишүүд хүрэлцэн ирсэн байна. Энэ баг 10 орны 20 гаруй иргэнээс бүрддэг бөгөөд тэд “Хөгжлийн гүүр” сургалтын төвийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулж туслажээ.

Багийн гишүүн Тобис Вэйсмэнн хэлэхдээ, “Англи хэл, ялангуяа ном бол дэлхий ертөнцийг харах цонх гэж боддог. Англи хэлний мэдлэгтэй бол хүссэн бүх мэдээллээ олж, хөгжих, зорилгоо биелүүлэх гарц болдог. Ялангуяа ном уншиж, англи хэлээ сайжруулах нь хүүхэд залуучуудад илүү үр өгөөжтэй учраас бид  энэхүү сургалтын төвийг нээж байгаад баяртай байна. Мандалговийн хүүхэд, залуучуудын зорин ирэх дуртай газар нь болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Номын гүүр” ТББ нь 2009 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хөдөө орон нутагт англи номын сан бүхий сургалтын төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих замаар Монголын боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм байна.

“Хөгжлийн гүүр” нь Монгол Улсад нээсэн 12 дахь сургалтын төв бөгөөд сургалтын төвийг Дундговь аймгийн Скаутын холбооны тэргүүн Ж. Нарангарав удирдан ажиллах ажээ.

Т. Отгонтуяа

 

相关新闻