Дэлхийн 23 орны 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-09-08 11:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Хийморь” морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ өдрүүдэд үргэлжилж байна.


Энэхүү тэмцээнийг Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй юм.  


Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улс анх удаа морьт харвааны ДАШТ-ийг зохион байгуулж буйгаараа онцлог юм. Мөн Монгол “Бөмбөг намнаа” төрөл энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдсэн байна.


Тус ДАШТ-д БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 23 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.


Монголын морьт харваачдын холбооны тэргүүн Ш.Цогтхүү хэлэхдээ, “Монголыг адууны орон хэмээн дэлхий даяар мэддэг. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар морь харваа гэдэг байр суурь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж байна. Морьт харваа бол төрийн баяр наадамд орж байгаад орхигдсон үндэсний спортын төрөл юм. Манай холбооны нэг зорилт бол морьт харвааг үндэсний спортын нэг төрөл болгон дахин сэргээн хөгжүүлэх зорилготой. Энэ бүхний түүчээ болж дэлхийн морьт харваачдыг монголд чуулуулж байгаадаа баяртай байна” гэв. Тус холбоо цаашид эх орондоо дэлхийн морьт харвааны төвийг байгуулах зорилго тавьж ажиллаж байгаа аж. Хэрвээ энэхүү төв бий болбол аялал жуулчлалаас эхлээд монголын эдийн засгийн хөгжлийн том хөшүүрэг нь монгол адуу, морьт харваа болж болно. Мөн үндэсний баяр наадмын төрөлд морь харвааг оруулах чиглэлээр ажиллаж буйгаа тэрбээр тодотгов.


Олон улсын морьт харвааны удирдлагууд Монгол Улсад зохион байгуулж буй ДАШТ-ийг өндрөөр үнэлж байна.

Олон улсын морьт харвааны холбооны ерөнхийлөгч Алан Ле Галл, “Монголын тал нутаг морь харвааны тэмцээн зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар. Ийм газар морьт харваагаар хичээллэхэд ямар ч асуудалгүй. Монгол морины бусад мориноос ялгарах онцлог гэвэл маш ухаалаг. Би өмнө нь Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсан болохоор монгол морийг сайн мэднэ.  Морьт харваагаар хичээллэхэд дэлхийн морьдоос монгол морийг хамгийн тохиромжтой гэж үзэж байна” гэв.


Монгол Улсын баг тамирчид сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж буй юм. Э.Эрдэнэ морьт харвааны дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирч байжээ. Тэрбээр 10 гаруй жил энэхүү спортоор хичээллэж 2006 онд ДАШТ-д түрүүлж монгол хүний эд хав, авхаалж самбааг дэлхий нийтэд гайхуулж байжээ. Түүний араас олон монгол залуус энэхүү спортоор хичээллэх болсон байна. Энэ удаагийн тэмцээнд 70 гаруй залуусаас шигшиж шалгарсан 10 харваач өрсөлдөж байна.

Ташрамд дурдахад, “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 онд анх удаа зохион байгуулахад 17 орны 60 гаруй тамирчин оролцож байв.

 






相关新闻