Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит өсвөрийн сумочдын барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумод барилдаж, дээд зиндааны маэгаширагийн нэгдүгээрт жагсаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит U15 насны сумочдын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 20-нд болно.
Монголын сумо бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээн нь сумогоор хичээллэх сонирхолтой өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулах, сумо бөхөд бэлтгэх зорилготой аж. Гурван насны ангиллаар зохион байгуулах энэхүү тэмцээний үеэр Японы ахлах сургуулийн багш Кишийда Мицүхиро сонгон шалгаруулалт явуулж ахлах насны ангилалд амжилттай оролцсон 1-2 хүүхдийг Нинагакуен Асахигаока ахлах сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм байна. Түүнчлэн тэмцээний гурван насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, мөнгөн шагналаар шагнах аж.
Нэрэмжит тэмцээнээ хийж буй Токүсэгава Б.Ганболд нь мэргэжлийн сумогийн макүүчи зиндааны маэгаширагийн нэгдүгээрт жагсан барилдаж байв. Энэ нь түүний дээд амжилт юм. 2003 оны долдугаар сарын Хацү башёд анх сумогийн дэвжээнд гарсан тэрбээр 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшсэн билээ. Харин 2011 оны тавдугаар сард зодог тайлсан бөгөөд 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бөх юм. Түүний хувьд макүүшита, санданмэ зиндаанд тус бүр нэг удаа түрүүлж байв.
Замналынхаа турш 223 удаа ялж, 163 удаа ялагдсан үзүүлэлттэйгээ сумог орхисон байна. Макүүчи зиндаанд зургаан башё барилдахдаа тавд нь качигоши буюу тавин хувийн амжилт үзүүлжээ. 2011 оны нэгдүгээр сард есөн даваа авсан Токүсэгава Б.Ганболд гуравдугаар сарын тэмцээнийг өнжиж, тавдугаа сарын банцүкэгаар маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ч зодог тайлах шийдвэх гаргасан юм.