“Монгол дугаар зуун” наадам эх хэл, соёлыг олон улсад таниулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дорнын гэгээн аялгуу” ТББ санаачлан “Монгол дугаар зуун” олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болсон тухай сэтгүүлчдэд мэдээлэв.
Энэхүү наадмын гол
зорилго нь эх хэл, соёлыг олон улсад таниулах, монголчуудаа нэгтгэх, яруу
найраг, яруу хэллэг ямар баялаг болохыг
ард түмэндээ хүргэх зорилготой юм.
“Дорнын гэгээн аялгуу” ТББ-ын тэргүүн П.Гэрэлт-Од мэдээлэхдээ, “Монгол туургатны утга зохиол өв соёлын “Дорнын гэгээн аялгуу” ТББ долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай холбоонд ОХУ-ын Буриад, Халимаг улс, Дундад улсын Шиньжан, Дээд монгол, Өвөрмонголын уран бүтээлчид хамтарч ажилладгаараа онцлогтой. Энэ удаа бид монгол хэл бичиг соёлтой түмнийхээ дунд “Монгол дугаар зуун” хэмээх олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Гадаадын яруу найрагчид оролцож байгаа учраас эхний хоёр шатны шалгаруулалтыг цахимаар хүлээн авч байгаа. Яруу найргийн наадамд одоогоор Шиньжан Уйгарын 20, Дундад улсын Хөх нуур мужийн Дээд Монголын 20, ӨМӨЗО-ы 20 гаруй яруу найрагч оролцохоор бүтээлээ ирүүлээд байна” гэв.
“Дорнын гэгээн аялгуу ТББ”-ын гүйцэтгэх захирал Ч.Түмэндэмбэрэл, “Энэхүү наадамд есөн орны яруу найрагчид бүтээлээ ирүүлээд байна. Бид бэлтгэл ажлаа хангаж дараагийн шатны шалгаруулалтдаа бэлдэж байгаа. Бидний тооцоолж байснаас илүү өргөн цар хүрээг хамарсан учраас эдийн засгийн тал дээр тулгамдаад байгаа юм. Монгол түмнийгээ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.
Энэхүү яруу
найргийн тэмцээнийг гурван үе шаттай явуулахаас гадна олон улсын шүүгчид
шүүж, хөрвүүлгийн баг ажиллана гэдгээрээ
бусад наадмаас онцлогтой юм. Наадмын сүүлийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын
4-нд болно.
Р.Цэцэгбаяр