ГТБҮ-ийн EPC-04 багц ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 14:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар үүрэг болгов.


Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримталж байгаа. Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан юм.



Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байлаа. Гэвч хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин долоон жилээр сунгалаа.


Энэ гэрээгээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн дөрвөн багц ажил нэг гэрээгээр зохицуулагдаж, хоорондоо хамааралтай, удаашралтай байсныг гурав салгаж багц ажлуудын хэрэгжилт эрчимжих боломжтой болж байгаа юм. Одоо EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байгаа.



Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгажээ. 

相关新闻