Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цэгийн тоог бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулж, тогтоосон нормативт хүргэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулна. Дундговь аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 120 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг бөгөөд энэ нь нормативаас хэд дахин хэтэрчээ.
Үйлдвэр худалдааны яамнаас баталсан нормативаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2 мянган хүн тутамд нэгээс хэтрэхгүй, сумын төвд нэг байхаар тогтоосон байна. Үүнийг мөрдвөл Дундговь аймгийн төвд 6, 15 сум тус бүрт нэг тусгай зөвшөөрөл олгох ёстой ажээ.
2008 онд Үйлдвэр худалдааны яам энэхүү нормативыг батлахдаа 2005 онд батлан мөрдөж байсан мянган хүн тутамд хоёроос дээшгүй байх нормативыг хүчингүй болгосон бөгөөд Хүнсний аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2008 онд гаргасан Засгийн газрын 4 дүгээр тогтоолд Үйлдвэр худалдааны яамнаас баталсан дээрхи нормативын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Харин өдийг хүртэл эл норматив хэрэгжээгүй явсаар иржээ.
Одоогийн байдлаар Дундговь аймагт олгогдоод байгаа 120 гаруй тусгай зөвшөөрлийн 43 нь аймгийн төвийн аж ахуйн нэгжүүд авчээ.
Т. Отгонтуяа