Л. Мөнхбаяр: Дэл уулаа дэлхийн түүхийг хадгалж үлдсэн ном л гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-17 19:28:29

Аль нэг аймагт очиход хамгийн түрүүнд ороод гарах газар бол музей байдаг. Аймаг, орон нутгийнхаа нүүр царай болж байдаг энэ байгууллагыг олон жил удирдаж явсан бүсгүйг ярилцлага өгнө үү гэж хүссэн юм. Ланганы Мөнхбаяр гэдэг энэ бүсгүй Дундговь аймгийн музейг 26 жил удирдсан.Музейн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж явсан тухайд нь түүний яриаг хандууллаа.

-Яриа маань музейн захирлаар ажиллах болсон үеэс тань эхэлбэл зохилтой болов уу гэж бодож байна. Тэр хэдий үе байв? Ажлаа хэрхэн эхэлж байсан талаар та дурсаач?

-1982 оны хоёрдугаар сарын нэгэнд музейн захирлаар томилогдож, Төмөр- Ухна даргаас ажлаа хүлээн авч байлаа. Аймгийн намын хорооны хурлаар ингэж шийдвэр гаргахад музейн захирлын ажлыг би хийж чадахгүй гээд уйлаад гуйсан удаатай. Тэр үед би Хууль цаазын дунд сургууль төгсөөд Эвлэлийн хороонд 8 дахь жилдээ ажиллаж байсан л даа. Энэ хугацаанд УБИС- ын түүх, газарзүйн ангид эчнээгээр суралцаж төгсөөд байсан тул энэ мэргэжил музейн захирлаар томилох шалтгаан болсон байж магадгүй юм.

 Намайг ажлаа хүлээж аваа арав гаруй хонож байхад Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Батмөнх дарга Дундговь аймагт ирнэ гэлээ. Музей үзэх байсан тул ажлаа надад хүлээлгэн өгсөн Төмөр- Ухна даргаар музейгээ гурван удаа тайлбарлуулж тогтоож аваад Ж.Батмөнх даргыг ирэхэд өөрөө музейгээ тайлбарлаж байлаа. Ингэж л миний музейтэй холбосон ажил амьдралын 26 жил эхэлсэн дээ.

-Тэр үед музейн үйл ажиллагаа нэлээд сайн жигдэрсэн байв уу?

-Манай музейн дарга тийм ч олон удаа солигдож байгаагүй учраас ажил нэгэн жигд түвшинд явж байсан сайн тал байдаг. 1942 онд музей байгуулагдахад анхны даргаар Пунцаг нэг жил ажилласан бол дараа нь Сугир гуай арваад жил удирдсан. Сугир гуайн дараа  Х. Шонхор, Авирмэд, Аюурзана,Алтангэрэл,Төмөр- Ухна нар ажиллаж байгаад би томилогдсон нь тэр л дээ.

1990- ээд он хүртэл музейг хөгжүүлэх боломж ч сайн бүрдэж байлаа. Намайг ажлаа хүлээн авсаны дараахан 1982 онд Ю. Цэдэнбал даргын албан даалгавар гарсан юм. Тэр нь түүх угсаатны зүйн үзмэрийг музейд цуглуулж авах, ард иргэдийн  гар дээр байгаа угсаатны зүйн эд зүйлийг бүртгэх , угсаатны зүйн соёлыг дэлгэрүүлэх тухай албан даалгавар байсан. Энэ нь манай орны музейнүүдийн хөгжилд ихээхэн түлхэц өгсөн гэж боддог. Тэр л түлхэцээр Дундговийн музей ч чамгүй сайн бэхэжсэн.

-Ю.Цэдэнбал даргын тэр албан даалгаварыг хэрхэн биелүүлэв?

-Эхлээд бид ард иргэдийнхээ гар дээр хадгалагдаж байгаа үзмэрүүдийн бүртгэлийг хийсэн. 3000 гаруй үзмэр бүртгэж авсан. Дараа нь тэр үзмэрүүдээсээ цуглуулж аваад 1984 онд Дундговь аймгийн Соёл урлагийн арав хоног Улаанбаатар хотод болоход нийслэлд аваачиж дэлгэн үзүүлж байлаа.

Бидний нэг гол ажил бол нүүдлийн музейг хөдөөгийн сум, багт аваачдаг байсан юм. Музейнхээ хамаг үнэтэй сайхан үзмэрийг хайрцаглаж аваад УАЗ- ын тэвшин дээр суугаад л хичнээн ч хоногоор хамаагүй явна даа. Жолоочоос бусад нь хүүхнүүд. Суманд очоод үзмэрээ ил дэлгээд л үзүүлнэ. Хорго сав гэж ч байдаггүй байлаа. Тэгэхэд нэг ч үзмэр дутагдаж алга болж байгаагүй юм. Хүмүүс ч их сонирхоно. Нүүдлийн музейгээ таван жил гаруй тасралтгүй ажиллуулсан даа. Тэгэхэд бүтэн жилийн орлогын төлөвлөгөөнийтал хувийг нүүдлийн музейгээс олоод л ирнэ.

-Дундговийн музей хүрлийн үеийн үзмэрээрээ алдартай. Энэ үзмэр хэдий үед хэрхэн бүрдсэн байдаг вэ?

-Музейн үндсэн сан хөмрөг Сугир гуайн үед бүрдсэн.Ялангуяа хүрлийн үзмэрийг маш сайн цуглуулсан юм. Тэрээр археологч нартай хамт хайгуулд их явдаг, морин тэрэг хөлөглөн сум хэсэж үзмэрээ цуглуулдаг байж. Хэрэгтэй гэсэн зүйлээ яаж ийгээд л олоод ирдэг.

1970- аад оны эхэн үед Сугир гуай сургуулиудтай хамтран хүрэл үзмэрээ арвижуулсан байдаг. Манай хүрлийн үеийн үзмэр археологийн малтлагаас гаргаж авсан нь ховор шүү дээ. Хүмүүсийн гар дээр байсныг цуглуулж авсан юм. Тэр үед хүүхдийн тоглоомонд хэлхээтэй явж л байдаг. Айлын галын хайчны бариул, саалийн хувингийн сэнж, тогооны таганд ч дүүжлээтэй явдаг байлаа. Элбэг тохиолддог байсан л даа. Түүнийг цуглуулах даалгаварыг сургуулиар дамжуулан хүүхдүүдэд өгч, цугларч ирсэн үзмэрийг сургуулиуд аймгийн музейд өгсөн юм билээ. Сугир гуай хүрлийн үеийн үзмэрээ гараар хуулбарлан зурж, ном болгож хэвлүүлсэн нь одоо ч музейд хадгалагдаж байдаг. 800 шахам хүрэл үзмэр одоо музейн сан хөмрөгт бий.

- Ерээд оны нийгмийн өөрчлөлт үе музейд хүнд тусч байв уу?Тэгэхэд би хүүхэд байсан ч сав л хийвэл очдог байсан кино театр үүдээ хааж, хүмүүст үзэж харах зүйл тун бага болж ирснийг мэддэг юм.

-Хэцүү үе байсан уу гэвэл байсаан. Гэхдээ үүдээ барьсан удаагүй. 1991 онд аймаг нийтээр гэрэл цахилгаангүй, халаалт дулаангүй болж байлаа. Тэгээд дөнгөж л гэрэл цахилгаантай болж, халаалт дулаантай болоход музейнхээ халаалтын шугамыг холбуулсан чинь гадна шугамдаа буруу холбогдоод бүр хөлдчихлөө. Хичнээн жил халаалтгүй байсан гэж санана. Халаалттай болъё гэхнээ төсөв хөрөнгө байхгүй. Ажилчдаа ч цомхотгож, зургуулханаа үлдлээ. Тэр үед музейгээ амьдруулах гэж элдвийн л арга чарга хэрэглэж байсан даа. Халаалтын төсөв гээд 400 мянган төгрөг манай дансанд байв.Нэгэнт халаалтгүй болчихсон тул тэр мөнгөө арвижуулах санаатай ноос ноолуур, арьс нэхий худалдаж аваад Эрээн рүү явж ч үзэв. Тэгээд гарсан ашгаараа жижиг сажиг зүйл авчраад ажилчдаараа заруулна. Цалин дээр нь нэмэр болгож өгнө.Тарчигдуу байлаа гээд бид музейн үзмэрээ алдаж асгаагүй, зарж үрээгүй. Хүнд үеийг даван туулж чадсан. Зарим аймгийн музей үүдээ барьж байсан. Тэр үед юун сан хөмөргөө баяжуулах манатай. Ажилчдынхаа цалинг л дөнгөж өгч байлаа. 1990 онд аймгийн ой тэмдэглэх үеэр хандивын сангаас 800 мянган төгрөг гаргаж манай музейд өргөтгөл барьж эхэлсэн үе. Тэрийгээ чүү арай дуусгасан ч манайх хөрөнгө мөнгөгүй тул ашиглалтад оруулж ч чадахгүй явсан юм.

Иймэрхүү байдалтай явсаар 1999 онтой золгох үед аймгийн Засаг дарга Ж. Хүүхэнбаатар музейд 2 сая төгрөг өглөө. Энэ бол их мөнгө байв. Тэр мөнгөөр бид өргөтгөлөө тохижуулж, үзмэрээ дэглэн зохион байгуулж, аймгийн түүхийн танхимыг ч байгууллаа. Үйл ажиллагаа маань ч эрс сэргэж ирсэн юм.

- Хүмүүс музей хэр үздэг байв, тэр үед?

- Халаалтгүй хүйтэн байсан болохоор музей үздэг хүмүүсийн тоо эрс цөөрсөн. Гэхдээ л бид улсаас ногдуулсан орлогын төлөвлөгөөг тасалж байгаагүй юм. Хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээл сургалт явуулах маягаар үзэгч татаж, орлогоо биелүүлж байсан.

Ер нь бол 90-ээд оны үед хүмүүст үздэг хардаг соёлын зүйл гэвэл музей л үлдсэн шүү дээ. Кино театр үүдээ барьчихсан. Зураачдын үзэсгэлэн гаргадаг урчуудын эвлэл байхгүй болж, үзэж харах зүйл тун бага болоод байсан. Тиймээс музейг аль болох сонирхолтой байлгах үүднээс иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа эд зүйлийг төрөлжүүлэн үзмэр дэлгэх, хөдөөгийн сумаас орон нутгийг судлах кабинетийг авчирч аймгийн төвийн иргэдэд үзүүлэх гэх мэтээр шинэлэг байдлаар ажиллахыг хичээж байсан. Энэ нь иргэдэд ч их таалагдана.

- Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл бол Зава Дамдин гавжийн гэр музейг байгуулж байсан тухай... Тэр үеийг та сонирхуулаач.

- 1996 онд зохиолч Х. Шонхор гуайтай хамт Зава гавжийн гэр музейг байгуулах бодолтой Дэлгэрийн Чойрын хийдэд очсон юм. Тэр үед Дэлгэрийн Чойрын хийд хэрхэн сэргэж, үйл ажиллагаагаа эхэлж байгаа тухай нэвтрүүлэг үндэсний телевиз, радиогоор явдаг байсан юм. Энэ үетэй зэрэгцээд миний аав Зава Дамдины шавь Гэмпил гуайд шавь оров. Аав минь урьд Өлзийтийн Хөнжилийн хийдэд шавилдаг байсан бөгөөд шашин ном дэлгэрэхэд сахил санваараа ингэж сэргээсэн юм. Энэ нь ч надад Дэлгэрийн Чойрын хийдийн лам нартай танилцаж, гэр музей байгуулах тухайгаа сайтар ойлгуулах боломж олгосон.

Зава Дамдин гавжийн эд зүйлийг бүрэн бүтнээр нь хадгалсаар шашин сүм хийд сэргэх үеийг хүргэсэн Гэмпил гуайн гавъяа их. Өөр цаг үе ирж, төдий олон жил нууж хадгалсан юмыг нь хурааж аваад явчихгүй гэдэгт итгэсэн ч бүр сайн итгэл өгч нэг л чадахгүй байлаа. Музей байгуулах гэдгээ ойлгуулах гэж багагүй хугацаа өнгөрсөн шүү.

Бид Чойрын хийдэд нэг очихоороо долоо, найм хононо. Дэлгэрийн Чойрыг сэргээж эхэллээ. Тиймээс хийдийнхээ дэргэд нь Зава Дамдины гэр музейг нээнэ гэх мэтээр ярьж ойлгуулснаар эхний удаад Зава Дамдин гавжийн эдэлж хэрэглэж байсан зарим нэг зүйлийг гаргаж үзүүлдэг болов. Музей гэхээр л эд зүйлийг аваад явчихна гэж бодоод байсан байх л даа. Тэгээд ямар ч байсан хийдийн дэргэд л музей байх юм шүү дээ гэдгийг ойлгууллаа. Тэр үед манай фондчин байсан Х. Цэрэндорж Зава Дамдин гавжийн дүр төрхийг Гэмпил гуайгаар хэлүүлж дүрсэлж зурсаар хөргийг нь бүтээж өгөв.Гэмпил гуай ч их баярласан. Энэ бүхний эцэст тэрээр бидний зорилгыг ойлгож, гэр музей байгуулахад тусалсан юм.

Нэг өдөр дүүрэн юм чихсэн байшин ухууллаа. Тэндээс нэг авдар гаргаж ирсэн. Авдарнаас Зава Дамдины хонх дамрын тавиур, цай давс, идэж байсан хоолны үлдэгдэл хүртэл гарлаа.

Ямар учиртай хоол юм гэдгийг асуухад Гэмпил гуай ярихдаа, багшийн бие чилээрхээд байх үед Амар сайд унаа явуулж багшийг авсан. Багш хоол унд идэж уухгүй болчихсон байснаа явахынхаа өмнөхөн нэг сайхан бантан хий гэлээ. Тэгээд бантангаа идэж байгаад үлдээгээд явсныг авч хадгалсан юм гэж хэлсэн. Цэнхэр өнгийн паалантай жижиг тавганы тэг дундуур үлдсэн бантанд халбага нь дүрээтэй, дээр нь шар өнгийн даалимбаны тасархайгаар бүтээж таглаад хадгалсан байгаа юм. Нүднээс нулимс эрхгүй л гарч билээ.

- Ингэж хадгалсан юмаа харамлаж хайрлах нь ч аргагүй байсан биз ээ?

- Тийм ээ. Гэмпил гуайн зөв байсан. Тэр авдарнаас тулга, галын хайч нь ч гарав. Ийм юмаар ч одоо яахав дээ гээд Гэмпил гуайг хэлэхэд наадах чинь хамгийн чухал, ёстой амьд үзмэр болно. Ийм л юм чинь бидэнд хэрэгтэй гэхэд өвгөн ч урам орно. Тэгж үзүүлээд өнөө авдраа буцаагаад байшиндаа хийгээд цоожилчихно. Жаахан амарч байгаад үдийн хойно гарна гээд л гэртээ орчихно доо. Бид хоёр ч уйгагүй хүлээнэ. Тэгээд үдийн хойно болоход өнөөдөр ч чадахгүй нь бололтой, хүү минь гээд номоо уншаад суучихна. Маргаашийг хүлээнэ. Маргааш болоход өнөөдөр миний бие муу байна гээд бас гарахгүй. Гэх мэтээр багагүй хугацаа өнгөрсөн юм даг.

Ингэсээр 1996 оны хавар Майдар эргэх ёслолын өмнөхөн Гэмпил гуай нэг жижиг гэр өгч, Зава гавжийн бурхан сахиус, дээл хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг гарган өгснөөр гэр музейг Чойрын хийдэд байгуулан, анх удаа хүмүүст үзүүлсэн юм. Гэмпил гуайн сэтгэл ч их хөдөлж билээ. Майдарын дараа буцаагаад далд хийсэн. Дараа нь 1997 онд Зава Дамдины 130 жилийн ойг тэмдэглэх үед Улаанбаатар хотод аваачиж үзүүлэх болов. Тэгэхэд, би гэрийг нь сольж өгнө гээд нэг жижиг гэр өгсөн нь Зава багшийн номын өргөө байсан. Тэр өргөөндөө сууж номоо бясалгадаг байж. Тэр өргөөний ханын нүд жижигхэн, хийц өвөрмөц, их гоё гэр л дээ. Одоо энэ гэр музейд байгаа.Гэрийн дээвэр бүрээсийг харин манай музей бэлдэж хийсэн. Ийм л түүхтэй юм.

-Гэмпил гуай Зава Дамдин гавжийн гэр, эд зүйлсийг аймгийн музейд албан ёсоор хэзээ өгсөн байдаг вэ?

- 1997 онд Зава Дамдин гавжийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан гэр музейг Улаанбаатар хотод аваачиж, Дуурийн театрт барьж нийслэлчүүдэд үзүүлчихээд тэндээс ирэнгүүт аймгийн музейд байршуулж, хэсэг хугацаанд хүмүүст үзүүлсэн юм. Тэгж байтал намар нь буцааж авъя гэж Гэмпил гуай хэлүүлсэн. Зарим эд зүйлийг ч буцааж авсан юм.

Тэр үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж. Хүүхэнбаатарт гэр музейг буцааж авах талаар хэлүүлж байгааг уламжлахад тэрээр нэг өдөрДэлгэрийн Чойрын хийдэд очиж Гэмпил гуайтай уулзлаа. Их номчийн эдэлж хэрэглэж байсан бүхий л эд зүйлийг нандигнан хадгалж өдийг хүргэсэн ач гавъяанд нь талархаж, Төр засаг ч энэ гавъяаг үнэлэн Алтан гадас одонгоор шагнасанд талархалтай байгаа сэтгэгдлээ хуваалцаад бүрэн бүтэн хадгалж үлдсэн энэ сайхан эд зүйлсийг аймгийнхаа музейд уламжлан хадгалуулахыг хүссэн. Тэгээд 300 мянган төгрөгийг аймгаас өгч байгааг хэлж гардуулахад Гэмпил гуай их баярлаж билээ. Тэр үед бие нь ихэд чилээрхэнгүй болоод байсан юм. Дараа нь музейгээс 200 мянган төгрөгийг нэмж өгөөд үзмэр худалдан авах акт гаргаж, энэ гэр музей манайд ирсэн дээ.

- Гэмпил гуай Монголын нэгэн их түүхт хүний эдэлж хэрэглэж, оршин амьдарч байсан орчин ахуйг нэгэн жарны турш буй чигээр нь хадгалж ирсэн яах аргагүй л үнэлж баршгүй гавъяатай хүн байжээ.

- Тийм шүү

-Түрүүнд та хэллээ, үзмэр худалдаж авсан гэж... Ингэж худалдаж авсан үнэ цэнэтэй үзмэрүүд музейн сан хөмрөгт олон бий биз?

- Олон сайхан үзмэр бий. Би санаж байна, хамгийн үнэтэй үзмэрийг Адаацаг сумын Төмөртогоо гэдэг хүнээс авч байсныг... Тэр хүн пийсүү толгойтой, сийлбэртэй шүрэн хөөргөө музейд худалдахыг хүсч, мотоцикль авч унана гэж гуйсаар байгаад 7 мянган төгрөгөөр хөөргөө өгч байсан юм.

Тэр үед музейн үзмэр авахад зориулж 20 мянган төгрөгийг манайд төсөвлөдөг байлаа. Музейн нийт төсөв зуугаад мянган төгрөг л дөө. Тэрний 20 мянга нь музейн захирлын мэдэлд байж, үзмэр худалдан авахад зориулдаг байсан юм. 1970- 1980- аад оны үе бол манай музейн үндсэн сан хөмрөг бүрдсэн үе гэж үздэг. Энэ үед сор болсон үзмэр манай сан хөмрөгт цугларч ирсэн байдаг. Гэхдээ дараа нь нэг хэцүү асуудал бидэнд тулгарч билээ...

-Үзмэр авахтай холбоотой юу?

- Тийм

- Ямар асуудал тэр вэ?

- 1990 он гарч, зах зээлийн нийгэмд шилжин орох үед олон хүн музейгээс үзмэрээ буцааж авна гэлээ. Шүрэн хөөрөгний эзэн ч хөөргөө авна гэсэн. Бүр 1960- 70- аад оны үед музейд авсан мөнгөн бүслүүртэй саалийн агар хувин, таван хошуу малын товгор дүрс бүхий мөнгөн жаазыг ч эзэн нь авна гэлээ. Сүм хийдүүд сэргэж эхэлсэн тул бурхан шашны эд зүйлээ ч буцаан авна гэж байсан. Шашны эд зүйлсийн хувьд, музейд онцын шаардлагагүйг нь ялгаад цөөн нэр төрлийн үзмэрийг яамнаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр аймгийн ИТХ- ын шийдвэр гаргуулаад хийдүүдэд шилжүүлж өгсөн. Харин иргэдийн хувьд боломжгүй, тийм хууль эрхзүйн үндэслэл ч байхгүй. Музейд өгсөн юмаа авна гэж Засгийн газар, Их хурал хүртэл иргэд өргөдөл гомдол болж явж байлаа шүү дээ. Шүүхээр хүртэл шийдүүлсэн тохиолдол бий. Иргэдэд үзмэрийг буцааж олгох хуулийн ямар ч үндэслэл байхгүй л дээ.Түүнээс гадна музейн үзмэрийг гуйж ирдэг хүмүүс байсан.

-Худалдаж авъя гээд үү?

- Тийм. Нэг явдлыг би мартдаггүй юм. Сэргээн босголтын банк дампуурч байх үед манай музейн ард байрладаг Сэргээн босголт банкны үүдэнд нэг ганган улаан жип машин байсхийгээд л ирдэг байсан юм. Нэг өдөр өнөө жипний хажуугаар өнгөрч явтал дотроос нь нэг залуу та музейн захирал уу, тантай уулзах чухал хэрэг байна гэлээ. Би одоо ажил руугаа орох гэж явна. Манай өрөөнд хүрч очоод уулзах уу гэхэд өнөө залуу ч төд удалгүй манай өрөөнд орж ирэв. Тэгтэл танайд нэг шүрэн хөөрөг байдаг гэсэн. Тэрийгээ зарчих. Би танд 11 сая төгрөг өгье гэдэг байгаа. Ёстой тэгж болохгүй гэдгийг учирлатал музейгээс гаргах ямар арга зам байна, арга замыг нь заагаад өгвөл би бүх шийдвэрийг гаргуулаад ирье гээд бүр шалж байсан гээч. Тийм нэг эгзэгтэй цаг үе нийгмийн өнгө аясаар гарч ирж байсан юм шүү.

- 2006 онд байх аа, Дэл уулын дурсгалыг бүртгэж, пайз хатгаж байсныг санаж байна. Нэлээд сайн судлагдсан дурсгал гэж боддог. Одоо харин судлаачид хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар чухалчлан ярьдаг болжээ?

- Тийм, 2006 онд аймгийн Засаг дарга санхүүжилт шийдэж өгснөөр манай музей Дэл уулын зураг дүрсийг тоолсон юм. Тэгээд багцалж пайзалсан. Хамгаалах л гэсэн нэг алхам байсан л даа. Тун яаралттай хамгаалах дурсгал бол яах аргагүй Дэл уул мөн.

-Ер нь музей Дэл уулыг хэдий үеэс анхааралдаа авсан байдаг вэ?

- Намайг музейд ажилладаг болсон болохоор ч тэр үү, хадан дээр зурсан амьтны зураг дүрс манай Өлзийтөд их байдаг, тэр чамд хэрэг болохгүй юу гэж аав маань байн байн хэлдэг байсан юм. Тагтын хаданд тийм зураг байдаг гэж дуулсан гэхэд зөвхөн Тагт биш Дэлийн хад тэр чигээрээ хадны зурагтай шүү дээ гэнэ.Тэгээд Дэл уулын зургийг очиж үзэхсэн гэж бодож байх тэр үед, 1986 онд юмуу даа, эрдэмтэн Д.Хүүхэнбаатар, түүхийн хүрээлэнгийн Т.Санжмятав нар ирдэг юм байна. Тэд хадны зурагтай газар хаана байдаг вэ гэж сураглахад нь Дэл уулыг ааваараа заалгаад дагуулж явсан юм. Тэр үед манайхны хамаатан Нацаг гэдэг ахынх Дэл уулын Шар хошуу гэдэг газар нутаглаж байсныг аав зааж өгөөд, Нацаг ах дээрээ л оч. Нацаг ах чинь цааш нь заагаад өгнө гэсэн юм. Ингээд хоёр эрдэмтний хамтаар Дэл ууланд анх очиж байсан даа. Тэгж бүтэн нэг өдөр ажиллахад Т.Санжмятав гуай нэлээд олон зураг буулгаж авсан юм. Тэгээд хойтон жил нь МУИС- ын түүхийн ангийн оюутнууд ирж, Дэл уулын зургуудыг бүртгэж эхэлсэн. Дэл уул өргөөшөө 15, уртаашаа 70 гаруй км үргэлжилдэг юм шүү дээ. Тэрний 45 км нь манай аймгийн нутагт оршиж байдаг.

Дэл уулын хадны зургийг тэгж анх бүртгэж авсаны дараа 1990- ээд онд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авах тухай засгийн газрын тогтоол шинэчлэгдэн гарч, түүнд Дундговь аймгийн 21 дурсгалт газрыг хамгаалалтад авсаны нэг нь Дэл уул байсан. 21 газрын 16 нь аймгийн хамгаалалтад орж, Дэл уулын баруун, зүүн билүүний хадны зураг улсын хамгаалалтад багтсан юм.

Дэл уулын дурсгалыг нарийвчлан бүртгэх ажлыг МУИС- ын түүхийн ангийн оюутнууд хийсэн бол дахин бүртгэлийг 2006 онд манай музей хийж, үүнд аймгийн Засаг дарга тодорхой хэмжээний санхүүжилт шийдэж өгснөөр дурсгалуудыг пайзжуулсан юм. Нийтдээ 3000 гаруй дүрслэлийг тоолж бүртгэсэн. Дэл уул бол Монголын хамгийн том хадан зургийн дурсгал гэж боддог. Хүний нөхөн үржихүйг тодоор дүрсэлсэн дүрслэлүүд их бий. Хүүхэд хөтлөөд явж байгаа, барилдаж байгаа, бүжиглэж байгаа, морин дээрээс нум сум харваж байгаа дүрслэлүүд тэр ч байтугай монгол гэрийг хүртэл дүрсэлсэн байдаг.Тэмээний дүрснүүд ч бий.Үнэхээр гайхалтай даа. Дэл уул маань номын хуудас шиг сонин тогтоцтой. Дээшээ харсан ширхэгтэй.Тэр ширхэг дээр дүрсэлсэн зургууд юм шүү дээ. Өчүүхэн ч хөндөж гэмтээж болохгүй тийм нарийн дурсгал юм. Дэлхийн түүхийг хадгалж үлдсэн ном л гэж боддог юм, Дэл уулаа.

-Дундговь аймгийн нутагт тэгтлээ сайн судлагдаж чадаагүй, судлаачдын анхаарал хандаасай гэхээр ямар газар байдаг бол?

-Миний бодлоор Дэлгэрхангай уул сайн судлагдаагүй гэж боддог. Уулын баруун аманд хадны цөөн хэдэн зураг бий. Тэрнийг л бүртгэсэн байдаг. Уул тойрсон хэдэн булш хиргисүүр байдаг боловч ухагдчихсан гээд нэг их анхаараагүй байдаг. Мөн Баянжаргалангийн Зараагийн уул судлууштай газар. Манай Дэл уулын дурсгал их сайн судлагдсан. Гэхдээ тэнд олон шивээнүүд бий. Шивээ гэдэг нь өндөрлөг орой дээр барьсан цэргийн харуулын байр л даа. Дэл уулыг 13 шивээтэй гэдэг. 13 шивээ нь бие биеэ харж байдаг юм гэнэ лээ гэж аав ярьдаг байсан. Түүхчид үүнийг судлаагүй байгаа. Магадгүй, Монголын их цэрэг дамжиж өнгөрдөг байсан ч юм билүү гэж би таамагладаг юм. Дэл уулан дундуур Хөх өндөр гэж даваа бий. Ар руугаа огцом буусан.Тэнд бослогон овоотой. Тэр 13 дугаар зууны овоо байх. Шивээг бол 13- 14 дүгээр зуунд л барьж байсан гэдэг. Тэгтэл зүүн тийш явахаар Баянжаргалангийн нутагт Чингисийн хүрээ гээд их цэрэг буудаллаж байсан байж болохоор хааш хаашаа 100 метр орчим дөрвөлжин хашлагатай хүрээ бий. Аймаг, сумын хамгаалалтад авсан газар л даа. Тэр хүрээний хойд өндөр уулан дээр бас шивээ байдаг. Гэх мэтээр бодоход Чингисийн их цэрэг морилж байсан нутгууд байх аа гэж дотроо таамаглан боддог.

Мөн Эрдэнэдалай сумын нутагт байдаг Чингисийн суудал хадыг бас судалж үзүүштэй. Чингисийн суудал хад гэж тойрсон чулуун хашлагатай. Чулуун ханан дээр хээтэй. Хээг сайн тодруулбал их гоё дүрслэлтэй. Дурсгалт зүйлд л бүртэж авсан уу гэхээс судлагдаагүй байдаг. Энэ мэт нэрлэвэл нэлээд хэдэн анхаарал татах газар Дундговь аймагт бий.

Т. Отгонтуяа

相关新闻