Дундговийн циркчид анхны амжилтаа үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонголын Циркчдийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн циркчдийн наадамд Дундговь аймгийн өсвөрийн циркчид анх удаа оролцож, тусгай байрын шагнал хүртэв.
Өсвөрийн циркчин “Говийн ирээдүй” сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Эрхэмбаяр, Г. Дамдинбазар нар циркчдийн наадамд устай аяга, кольцот жонглёрын төрлөөр оролцсон бөгөөд хоёулаа ийнхүү авъяас чадвараа үнэлүүлжээ.
Тэд өнгөрсөн хавар “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэд циркийн дугуйлан нээгдэхэд тус дугуйланд суралцаж эхэлсэн байна. Тус театрын багш МУСТА Д.Мөнхбаатарын удирдлага дор өнгөрсөн зун бэлтгэл хийсний үр дүнд циркийн дугуйлангийн сурагчид анхныхаа амжилтыг ийнхүү үзүүлжээ.
Энэ жил зохион байгуулсан өсвөрийн циркчдийн наадам хоёр дахь удаагийнх бөгөөд Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулснаараа онцлогтой болсон байна.
Т. Отгонтуяа