Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг тэмдэглэх өдрийг товлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬИрэх онд их номч гавж Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ой тохионо. Ойн баяр наадмыг ирэх оны долдугаар сарын 26- 30-ны өдрүүдэд товложээ.
Зава Дамдин гавж Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд 1867 онд мэндэлсэн бөгөөд 17 насандаа Их хүрээний Гунгаачойлин дацанд сууж, олон жил ном үзээд 1905 онд гавжийн дамжаа барьсан гэдэг. Түүнийг Богд Хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулж байсан бол Ардын засгийн анхны жилүүдэд Монголын Судар бичгийн хүрээлэнг байгуулахад урин ажиллуулж, улмаар 1924 онд тус хүрээлэнгийн академич болж байжээ.
1918 онд өөрийн төрөлх нутаг одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дэлгэрцогт уулын энгэрт Дэлгэрийн Чойрын хийдээ байгуулж, 1930- аад он гэхэд тус хийд 600 гаруй ламтай, өөрийн гэсэн дэг жаягтай буддын шашны томоохон хийд төдийгүй Дайчин бэйсийн хошууны эрдэм соёлын цогцолбор төв болсон байв.
1990- ээд онд шашин сүм хийдийг сэргээх үед Дэлгэрийн Чойрын хийдийн суурийг сахин, Зава Дамдин гавжийн гэр, эдлэл хэрэглэлийг хадгалж үлдээд байсан шавь Гэмпил, Мятав нарын дэмжлэгтэйгээр аймгийн музейд гэр музейг нь байгуулж, 1997 онд мэндэлснийх нь 130 жилийн ойг сүсэгтэн олноороо тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй. Мөн 2007 онд 140 жилийн ойг мөн аймгийн ЗДТГ, Дэлгэрийн Чойрын хийдтэй хамтран өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байсан юм.
Ирэх онд тохиох их номчийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх ажлын хэсгийг өнгөрөгч долоо хоногт аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсэг эхний хурлаараа дээрхи товыг ийнхүү тогтоожээ.
Цаашид ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, салбар ажлын хэсгүүдийг байгуулах юм байна.
Т. Отгонтуяа