Манай улсад анхны хувийн өмчийн цэцэрлэг 2001 онд байгуулагдаж байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1486 цэцэрлэгт 272,378 хүүхэд хамрагдаж, хамран сургалт улсын хэмжээнд 92,0 хувьтай байна.
Эдгээр цэцэрлэгийн 1006 нь төрийн болон орон нутгийн өмчийн, 480 нь хувийн өмчийн цэцэрлэг аж.
Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгийн төлөөллүүд “Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр энэ сарын 16-нд зөвлөлдлөө. Зөвлөлдөх уулзалтын үеэр хувийн цэцэрлэгүүдийн төсөв, хувьсах зардлын талаар, багшийн тасралтгүй хөгжлийн тухай болон сургалтын хөтөлбөрийн чиг хандлага, хүүхэд хамгаалал-эцэг эх асран хамгаалагчийн оролцооны талаар ярилцсан юм.
Орон нутгийн хувийн цэцэрлэгүүдэд:
-Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг газар зүйн байршлаас шалтгаалан илтгэлцүүрээр тогтоох,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны мөнгөнд төрөөс дэмжлэг үзүүлэх (ердийн хүүхэд нэг өдөрт 2475 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3600 төгрөг)
-Мэргэжлийн багшийн хангалт тааруу, тогтвор суурьшилтай ажиллахад төрийн өмчийн цэцэрлэгтэй адил дэмжлэг үзүүлэх /төрд ажилласан жилийн нэмэгдэл, илүү цаг/ гэх мэт асуудал тулгамдаад байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэн холбогдох газруудаар шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүллээ.
Ташрамд дурдахад, манай улсад анхны хувийн өмчийн цэцэрлэг 2001 онд байгуулагдаж байсан бол энэ хичээлийн жилд 17 аймгийн 480 хувийн өмчийн цэцэрлэгт 32.040 хүүхэд хамрагдаж, хамран сургалтын 12.0 хувийг эзэлж байна. Хувийн өмчийн 72 цэцэрлэг буюу 14.8 хувь нь орон нутагт, 408 цэцэрлэг буюу 85,2 хувь нийслэлд сургалт, үйл ажиллагаа явуулж байна.