Боловсрол, эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх асуудлын талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-21 10:52:25

Өрхийн эрүүл мэндийн төвүүд төсөв хөрөнгө хүрэлцээгүйгээс батлагдсан орон тоогоор ажиллаж чадахгүй, нэг хүн 2-3 хүний ажлыг хамтатган хариуцаж, хэт цомхон ажиллаж байгаагаас нэг эмчид ногдох хүн амын тоо хэтэрсэн. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжид сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгааг Дундговийн өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар аймгийн Засаг даргад дуулгав.

Иймээс холбогдох яаманд аймаг орон нутгаас санал тавьж, орон нутаг дахь өрхийн эрүүл мэндийн төвд үүссээр байгаа эл бэрхшээлийг шийдвэрлэх талаас анхаарахыг хүсчээ.

Өчигдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай уулзах үеэр энэ мэт олон саналыг тэд хэлсэн байна. Хэдийгээр төсөв хөрөнгө хүнд, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шаардлагатай байгаа олон ажил байгаа. Тухайлбал аймгийн төвд шинээр хоёр цэцэрлэг барьж, сургуулиудыг дотуур байртай болгох, багш нарын нийгмийн асуудалд аймгаас анхаарал хандуулдаг байх, ялангуяа залуу багш нарт орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, багш нарыг гадаад дотоодод туршлага судлуулж, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулан, цахим сургуулийн орчин бүрдүүлэх, сургуулиудын бага ангийн сурагчдын үдийн хоолны залыг өргөтгөх зэргээр мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх ажлыг санал болгожээ. Мөн сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах хугацааг 9 дүгээр сарын 15- наас 5 дугаар сарын 15 хүртэл болгож өөрчлөх хэрэгтэй байгааг хэлсэн байна.

Засаг дарга тэдний саналыг сонсч, зарим асуудлыг холбогдох яаманд уламжилж, орон нутагтаа шийдвэрлэх боломжтой асуудлыг шат дараатай шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻