Д.Цэрэнням 9 давж түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион явуулдаг Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат сумын заан Д.Хандсүрэн үзүүрлэжээ.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын заан А.Амархүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Г.Өнөрбат нар шалгарсан байна.
Энэ удаагийн Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсан байна.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд уламжлал болгон олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, сумын заан Г.Өнөрбатад, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн Мөрөн сумын заан Н.Уугангэрэлд тус тус олгожээ.