“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадам аравдугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын III наадам ирэх аравдугаар сарын 21-нд Бахрейны Манама хотод эхэлнэ.
Азийн олимпын зөвлөлийн гишүүнчлэлтэй 45 орны баг тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөх тус наадам 10 хоног үргэлжлэх юм. Наадмыг 14-18 насны тамирчдын дунд зохион байгуулах аж. Энэхүү наадмыг 2009 онд Сингапурт, 2013 онд Хятадын Наньжин хотод зохион байгуулснаас хойш 12 жилийн дараа эргэн ирж буйгаараа онцлогтой. Түүнчлэн “Дакар-2026” залуучуудын олимпын өмнө болохоороо ач холбогдолтой бөгөөд залуу тамирчдын бэлтгэл сургуулилтыг чанаржуулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Тус наадам болохтой холбогдуулан ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Бахрейнд зочилж, наадмын бэлтгэл ажилтай танилцахын сацуу албаны хүмүүстэй уулзсан байна.
Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд олимпын морин спортын төрөлд анх удаа тамирчин оролцуулахаар төлөвлөж байгаа бол МҮОХ-ны цахим спортын ажлын хэсгээс и-спортын төрөлд тамирчдыг сонгон шалгаруулж оролцуулна. Мөн тэмээн уралдааны төрөлд тамирчин илгээхээр судалж байгаа аж. Монголын баг тамирчид Сингапурт болсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Харин 2013 оны Наньжины наадамд 65 тамирчнаа илгээж, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл III наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учралыг томилсон юм.
Ташрамд сонирхуулахад,
тус наадмыг хоёр удаа цуцалсны эцэст Манама хот хүлээн авч байгаа юм.
Тодруулбал, 2021 онд Хятадын Шантоу, 2025 онд Узбекистаны Ташкент болох байсан
ч цуцлагдаж байв.