Улсын заан Б.Бат-Өлзий, начин Э.Батмагнай нар 10 мянган онооны босго давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд бөхчүүдэд чансааны оноо олгож эхэлсэн. Тэгвэл намрын нээлтээс хойш өчигдрийг хүртэл улс, аймгийн цолтнуудын 39 барилдааныг зохион байгуулжээ.
Эдгээр барилдааны дараа улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлж байна. Тэрбээр хоёр барилдаанд дараалан түрүүлсэн амжилтаараа 10 мянган онооны босго давсан анхны бөх болсон. Харин чансааны дэд байрт жагсаж буй улсын начин Э.Батмагнай 10 мянган оноонд хүрсэн хоёр дахь бөхөөр тодорлоо. Түүний хувьд 10300 оноотой байгаа юм. Улсын заан Б.Бат-Өлзий 39 барилдаанаас 23-т нь зодоглохдоо дөрөв түрүүлсэн бол начин Э.Батмагнай 20-д нь барилдаж, хоёр удаа түрүүлжээ. Шинэчилсэн чансааны гуравдугаарт аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, дөрөвт начин Ч.Батчулуун, тавд хурц арслан Н.Амгаланбаатар нар багтав.
Жагсаалтын 6-10 дугаар байрт хурц арслан Д.Алтанцоож, улсын аварга О.Хангай, заан М.Лхагвагэрэл, арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нар багтжээ. Тавдугаар сарын 12-нд гаргасан чансаагаар аравдугаарт эрэмбэтэй явсан улсын заан Д.Хүдэрбулга топ 10-аас хасагдаж, түүний орон зайг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нөхсөн байна. Чансаагаараа эхний 20-д жагсаж буй бөхчүүдийг танилцуулъя.
11. Улсын харцага
Н.Золбоо 7000 оноо
12. Улсын начин
Д.Амарсайхан 6600 оноо
12. Аймгийн
арслан Е.Көптилек 6600 оноо
14. Улсын заан
Д.Хүдэрбулга 6350 оноо
14. Аймгийн
арслан Ц.Төмөрцоож 6350 оноо
16. Улсын начин
Б.Түмэндэмбэрэл 5950 оноо
17. Аймгийн
арслан Х.Наранбаяр 5750 оноо
18. Аймгийн
арслан Ч.Алтангэрэл 5600 оноо
19. Аймгийн
арслан Э.Баасанжав 5500 оноо
20. Улсын заан
С.Сүхбат 5450 оноо