Ахлах ангийн сурагчид цэрэгжилтийн спортоор өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЕБС- ын ахлах ангийн сурагчид цэрэгжилтийн спортоор өрсөлдөх “Дөл 2016” тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 278 дугаар анги хамтран зохион байгуулна.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч үзэл бий болгох, бие бялдарын өв тэгш хүмүүжил, тэсвэр хатуужил суулгах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх нь энэ тэмцээний зорилго бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас гадна МСҮТ-ийн оюутнууд ч мөн оролцох юм.
Тэмцээний удирдамжийн дагуу багууд цэргийн дүрмийн жагсаалын байран дээр болон хөдөлгөөн дунд гүйцэтгэх элементүүдийг хэрхэн гүйцэтгэж байгаагаар, мөн 3 км-ийн марш гүйлт, 16 тоот дасгал зэргээр цэрэгжилтийн спортын даалгавар гүйцэтгэж өрсөлдөх ажээ.
Тэмцээнд оролцох багуудад Зэвсэгт хүчний 278 дугаар ангийн офицер, ахлагч нар мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллана. Тэмцээний шүүгчдийг аймгийн Засаг даргын захирамжаар томилох юм байна.
“Дөл 2016” тэмцээн аравдугаар сарын 2-ны өдөр Мандалговийн төв талбайд болох ажээ.
Т. Отгонтуяа