Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-31 20:09:42

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсад энэ сарын 25-27-ны өдрүүдэд ажиллав.


Мехико хотноо ажиллах үеэрээ тэрээр Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхимын дарга хатагтай Марсела Гуэрра Кастиёо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Виктор Вияалобос, Депутатуудын танхим дахь Мексик, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн дарга Чапман Морено болон бүлгийн гишүүд, Аялал жуулчлалын дэд сайд Умбэрто Эрнандэз Аддад, Гадаад харилцааны дэд сайд Кармен Морено Тоскано, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан Ерөнхий захирал Фернандо Гонзалез Сайфе, Нийтийн Боловсролын яамны Боловсролын бодлого, сайн туршлага, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Хаймэ Сауседо нартай тус тус уулзав.


Эдгээр уулзалтаар талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн 2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр талууд тохиров.


Түүнчлэн хоёр улсын яамд, холбогдох агентлагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлаар ярилцав.






相关新闻