БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн удирдлагууд ахлагчдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-09 18:55:48

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдрийг “Зэвсэгт хүчний ахлагчийн албаны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан.


Энэхүү тэмдэглэлт өдөр нь алба хаагчдад албаараа бахархах үзэл төлөвшүүлэх, тэдний манлайлал, төлөвшилд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байх зорилготой аж.


Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын Штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар өнөөдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр зэвсэгт хүчний нийт ахлагчийн бүрэлдэхүүнд “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, цаашдын ажил албанд нь өндөр амжилтыг хүслээ.


Мөн орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандан ажлын өндөр амжилт гаргасан ахлагч нарт шагнал гардуулав. 

相关新闻