МАН: Төсвийн алдагдлыг 2 их наядаас 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт УИХ-ын Төсвийн ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн орлогоороо төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын үндсэн гол үүрэг бол улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах үүрэгтэй. Үүний дагуу 600 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулж, төсвийн алдагдал ДНБ-ийг хасах 2.8 хувьтай тэнцэж ирснийг хасах 2 хувь болголоо. Тоон дүнгээр авч үзвэл, 2 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай байсныг 1.5 их наяд төгрөг болгож бууруулав.
Хоёрдугаарт, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас 1.88 хувиар жигд хасаж, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмсэн. Сангийн яам аудитын дүгнэлт гаргасан объектуудыг есдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож төсөв өргөн барьсан юм. Үүнээс хойш дүгнэлт гарсан 110 компани байсан. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зардал тодорхой хэмжээнд нэмэгдсэн.
Нийгмийн хамгааллын чиглэлд ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэлээ. Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Бага тэтгэвэр авагчид инфляцид хамгийн их өртдөг. Иймд жигд тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэж УИХ үзэж, төсөв баталсан. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн ба төсөв дагасан 21 хууль, 8 тогтоолыг баталсан” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар хуулийн хугацаанд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуулийг өргөн барьж, УИХ-ын өнгөрөгч баасан гаргийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх оны төсвийн онцлог нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт тусгасан юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд төгрөг байх юм. Ирэх жилийн төсвийг 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа ч зардлын 70 хувь нь буюу 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм" гэлээ.