ХӨВСГӨЛ: "Буга шүтээн" фото зургийн үзэсгэлэнд 20 гаруй зураг дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газраас “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх нь" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтын үеэр СУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэнгийн авсан зураг, Доктор Ж.Баярсайханы тайлбар бүхий “Буга шүтээн” фото зургийн үзэсгэлэнг гаргасан байна.
Тус аймгийн хэмжээнд 2022 онд 227 буган хөшөө тоологдсоноос 20 гаруй онцлог зургийг дэлгэн үзүүлж байна.
Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед бичиг үсэггүй байх үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой, дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий.
Гонзгой чулууг засаж ихэнхдээ сүрлэг бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлдэг учраас "Буган хөшөө" хэмээн нэрлэдэг.
Энэ оны 9 дүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган болж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Буган чулуун хөшөөг Дэлхийн
өвд бүртгэхээр шийдвэрлэсэн юм.