Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг өнөөдөр олон нийтэд нээлттэй зарлалаа.
НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 9.00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 9.30 цагт нээхээр заасан юм. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.
Энэ үеэр “Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд, “Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна” гэлээ.
“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх
тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,
“Майнс ап” ХХК-178.8 тэрбум төгрөг
Xiamen King Long United Automotive Industry Co.Ltd -147.6 тэрбум төгрөг
Yutong Bus Co.Ltd-165.5 тэрбум төгрөг
Xiamen Golden Dragon Bus Co.Ltd- 156.9 тэрбум төгрөг
China North Vehicle Corporation Ltd-52.6 тэрбум төгрөгийн үнийн санал илгээсэн байна.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар ярихдаа, “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээд гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг бий. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ” хэмээв.
Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн
автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
Д.Отгонжаргал ярихдаа “2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд
байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-иас дээш, нийт
зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй,
280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд
хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун,
хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь
зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийсэн байх
гэсэн шаардлага тавьж байна. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй
халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн
үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын
гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны
механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн
шаардлагыг тодорхой заасан” гэв.
Тендерт 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой бөгөөд бичиг баримтад 600
автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгажээ. Нийтийн тээвэрт 1887 жолооч
шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон
тоо сул байгаа аж. Жолооч нарын цалин 1.7-2.0 сая төгрөг байдаг бөгөөд НИТХ-д
тэдний цалинг нэмэгдүүлэх санал гаргажээ. Нийтийн тээвэрт явж буй нийт жолооч
нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажилласан байна.