“Даншиг наадам-Хүрээ цам-2025” наадмыг дөрвөн уулын тахилгаар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-23 13:49:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна.

Тус наадмыг энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяртай хамтатган тэмдэглэж буйгаараа онцлогтой бөгөөд Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлнэ. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийг зохион байгуулах аж.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Д.Батсүх ярихдаа, “Хүрээ цам-Даншиг наадам” монголын соёл шашны зан үйл уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой учраас жуулчид ихээр ирдэг.

Наадмын өдрүүдэд Очирваань бурхан болон Их эзэн Чингис хааны тахилга, балин тосон урлагийн тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, 6 насны хурдан морины уралдаан, үндэсний сур харваа, шагайн болон морьт харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн болно.

Түүнчлэн есөн дүүргийн ардын авьяастнуудын тоглолт, монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт, иргэдийн хүрээ цам наадам, хотын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.

 

Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд бурхны шашны  бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь тус наадмын гол онцлог аж.           


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэлэхдээ, "Энэхүү наадам тасрах дөхөж буй өв соёлыг өвлүүлж, нутаг нутгийн заншлыг нийтэд дэлгэрүүлэх зорилготой. Гандантэгчэнлин хийд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн цам хурж, 28-ний өглөө Хүй долоон худгийн цамын гортиг дээр цам харайх ёслолыг эхлүүлнэ. Энэ жилийн наадмаар монгол орны өнцөг булан бүрт байгаа хийдүүд өөр өөрсдийн өнгө төрх ёс уламжлал, зан заншил, дэг жаягын дагуу бурхан сахиусаа тахина” хэмээв.


Наадмын өдрүүдэд "Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг", "МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд 7:00-23:00 цагийн хооронд 18-20 минутын давтамжтай үйлчилнэ. 



相关新闻