Дэлхийн банк: Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.8 хувьтай
гарахаар байгаа бол ирэх онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкны “Монголын эдийн засгийн тойм” шинэ тайланд дурджээ.
Өсөлтийг уул
уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал
тэлснээр
голлон тодорхойлохоор байгааг тайлангаар
танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн
салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн. Урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн
хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт
жигд бус байгааг дурджээ.
Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байна. Энэ нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт
өндөр хамааралтай байж, уг
салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болж буйг харуулж байна.
Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд
дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд, Оюу Толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны
түвшнээс 2 дахин
нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байна. Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр
нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар буйг танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөж байгаа ч өсөлт жигд бус хэвээр байна. Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтойг Дэлхийн банкны тайланд дурджээ.
Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур
байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул
уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой. Мөн дотоодод төсөв улам тэлэх,
Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ
өсөх зэрэг хүчин зүйл инфляцын дарамтыг бий болгож болзошгүй байгааг Дэлхийн банкны эдийн засагч Б.Ундрал танилцууллаа.
Нөгөө талаар, эерэг зүйл нь
Монгол
Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн
төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайланд онцолжээ. Программ хангамж хөгжүүлэлт,
харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт
хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Харилцаа холбоо болон интернэтийн хүртээмжид сүүлийн
жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал
сул, өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд дутмаг зэрэг цахим дэд бүтцийн
сорилтууд мөн байна.
“Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол
Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг
нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий
эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт,
бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли онцлон хэллээ.
Инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой
байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайланд зөвлөжээ. Ингэснээр эдийн засагт хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол
Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой.
Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит
хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг
сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцолжээ.
Дунд хугацаанд төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлж улмаар
эдийн засагт үүсэх аливаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээ авах бодлогын орон
зайг бий болгох, ирээдүйд хийх хөрөнгө оруулалтууд, түүн дотор Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын
хүрээнд хийх хөрөнгө оруулалтад шаардах хуримтлалыг бий болгох нь чухал ач
холбогдолтой байна. Түүнчлэн цахим үйлчилгээг хөгжүүлэх замаар эдийн засгийн
төрөлжилтийг дэмжихийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөрийн ур
чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй
байгааг
тайланд дурджээ.
Дэлхийн банкнаас өчигдөр мэдээлсэн
“Монголын
эдийн засгийн тойм” нь жилд хоёр удаа
шинэчлэн танилцуулж тайлан
юм.