ДАРХАН-УУЛ: Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, аймгийн “Ахмадын хөгжлийн төв”-тэй хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах, тэгш шударга өрсөлдөх зарчмаар “Ахмад настны эрхийг хангах нь” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулсан. Сарын хугацаанд үргэлжилсэн уралдааны шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа.
Ахмадуудад
тулгамддаг асуудлыг хөндөх, улс, орон нутагт хэрэгжиж буй үйл ажиллагааг
сурталчлах, цаашлаад асуудал дэвшүүлсэн бүтээлээрээ төр, засгийн бодлогод
тусгах зорилготой уг уралдаанд 18 оролцогчийн 25 бүтээл иржээ.
Телевиз, радио, цахим гэсэн гурван төрөлд материал хүлээн авч шалгаруулалтыг энэ сарын наймны өдөр хийсэн аж.
Уралдааны телевизийн төрөлд хамгийн олон бүтээл ирсэн бөгөөд тэргүүн байрт сэтгүүлч М.Ихэрбаяр, О.Ундаръяа нарын "Чагнуурт дугаарлах ахмадууд" бүтээл шалгарчээ. Дэд байрт “Ди Би Эс” телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэлийн "Ахмадуудын хөдөлмөр эрхлэх хүсэл, хясал ба шийдэл" бүтээл, гутгаар байрт найруулагч Д.Баттөмөрийн "Бид ч маргаашийн ахмад настан" бүтээл шалгарчээ. Телевизийн төрөлд тусгай байрт сэтгүүлч Б.Болорцэцэгийн "Олон жилийн тасралтгүй хөдөлмөрийн дараа гавьяаны амралтдаа гарахдаа төрсөн мэдрэмж, сэтгэгдэл" ярилцлага, чөлөөт уран бүтээлч О.Дарханбаярын "Medical Dijital Edu" сэдэвт "Medu-Class" ярилцлага тус тус шалгарсан байна.
Радиогийн бүтээлийн төрөлд МОНЦАМЭ агентлагийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Л.Отгонбаатарын "Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь" нэвтрүүлэг шалгарчээ.
Цахим нийтлэлийн төрөлд сэтгүүлч Б.Болорцэцэгийн "Ахмад настны арвин туршлага залуу үед хэрэгтэй" нийтлэл тэргүүн байр, дэд байрт, зохиолч, яруу найрагч Л.Мөнхбаатарын "Чадварлаг - цахим өвөө, эмээ", гутгаар байрт сэтгүүлч Б.Тэгшдэлгэр "Бид ч маргаашийн ахмад настан" нийтлэл, тусгай байрт чөлөөт уран бүтээлч Н.Төмөртогоогийн "Хамт нийтийн сэтгэл зүйн боловсрол, зөв мэдээлэл, сургалт чухал нь" нийтлэл тус тус шилдгүүдээр шалгарчээ.
Энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн санаачилгаар жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй "Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд ирүүлсэн бүтээлүүдээс ахмад настнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлдгээрээ онцлогтой юм.
Ерөнхий шүүгчээр Монгол
Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Б.Норовсамбуу, аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн албаны дарга,
радио-телевизийн найруулагч Ц.Тунгалаг, аймгийн Төв номын сангийн дарга,
сэтгүүлч Б.Цэцэгсүрэн, хөндлөнгийн шүүгчээр Ахмадын хөгжлийн төв ОНӨУТҮГ-ын
захирал А.Янжмаа, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан менежер С. Бадамсүх нар
ажиллажээ.