Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизмуудыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-15 17:33:10

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Европын холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.


Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах, барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж байгаа юм.


Тэгвэл төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслийг албан ёсоор хүлээн авчээ. Тодруулбал, долоон экскаватор, зургаан бульдозер, дөрвөн авто самосвал, дөрвөн бутлагч, нэг нягтаршуулагч, хоёр усны машин, нэг пик-ап, чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгсэл авсан байна. 


“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нийт үйл явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд хэрэгжиж дуусна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ландфилл байгууламжтай болох төдийгүй агаар, орчны бохирдол буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ажээ. 


相关新闻