Хятадад газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 131 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЖИШИШАНЬ, 2023
оны арванхоёрдугаар сарын 20 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн
Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 131-д хүрч, гэмтэж бэртсэн
хүний тоо 782 болжээ.
Чинхай мужид байгалийн гамшигт 18 хүн амь эрсэдсэн гэж орон нутгийн эрх
баригчид мэдээлжээ. Тус мужид гамшгийн улмаас 198 хүн бэртэж, 16 хүн сураггүй болсон байна.
Хятадын Газар хөдлөлтийн
сүлжээний төвийн мэдээлснээр, Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт даваа гаргийн 23:59 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.
Хятадын эрх
баригчид байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээний зэрэглэлийг II
түвшинд хүргэн ахиулжээ. Байгалийн гамшигт өртсөн бүс рүү 736 аврагч, 2042 гал
сөнөөгчийг илгээсэн гэж Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Мягмар гаргийн
19:00 цагийн байдлаар нийт 74 хүнийг аварсан бөгөөд 4298 хүнийг нүүлгэн
шилжүүлж, 15.3 сая юанийн /ойролцоогоор 2.16 сая ам.доллар/ эд хөрөнгийг аварсан гэж тус яам мэдээлжээ.
Мөн гамшигт
өртсөн бүс рүү тусламжийн нэмэлт хэрэгслүүдийг илгээсэн байна. Гансүд 2000
майхан, 5000 эвхэгддэг ор, 5000 гадуур хүрэм, 10000 хөнжил зэрэг тусламжийн
гурав дахь багцыг хуваарилсан гэж яамны мэдэгдэлд дурджээ. Мягмар гаргийн 17:00
цагийн байдлаар газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн үндсэн хэрэгцээг хангах
зорилгоор Гансү болон зэргэлдээх Чинхай муж руу нийт 133 500 тусламжийн эд
зүйлсийг илгээжээ.
Газар хөдлөлтөд хүчтэй өртсөн бүс нутгийг холбосон орон нутгийн бүх хурдны замын хөдөлгөөнийг 19:00 цагаас эхлэн сэргээсэн байна. Гансү, Чинхай дахь бүх хурдны зам, улсын болон мужийн гол замуудын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аврах албаны бие бүрэлдэхүүн, тусламж, тээврийн хэрэгслүүд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт саадгүй хүрч байна гэж Зам тээврийн яамнаас мэдээлжээ.