Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компаниас үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын талаар мэдээлэл өгөхөөс гадна хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх аж. Мөн ногдол ашгийн мэдээлэл өгч, брокерийн данс, төлбөр тооцооны данс нээх үйлчилгээг үзүүлэх юм байна. Түүнчлэн иргэдийн цэнхэр, ягаан тасалбар, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай эсэхийг шалгаж өгөв.
Нээлттэй өдөрлөгийг нээх үеэр “Монголын хөрөнгийн бирж”-ийн захирал Х.Алтай “Өнгөрч буй оны хувьд Монголын хөрөнгийн бирж амжилтаар дүүрэн байлаа. Тухайлбал, манай бирж олон нийтийн хувьцаат компани болж, нийт 34 хувиа олон нийтэд санал болгоход 7000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон. Түүнчлэн банкны реформыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хэрэгжлээ. Үүнээс гадна биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж байна. Нүүрс л гэхэд өнөөдрийн байдлаар 12.5 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр арилжааллаа” гэв.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал үг хэлэхдээ “УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй банкны салбарын реформ, төрийн өмчит компанийн хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг өргөжүүлсний дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөгийг давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй. Зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 10.29 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны ДНБ-ий 19.5 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны арилжаа энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 467.02 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 дахин өсчээ. Өмнө нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, ЗГҮЦ гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн л арилжаалдаг байсан бол өнөөдөр 70 гаруй шинэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь энэ зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүнгийн илрэл юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2026 онд 30 их наяд төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн ярилаа.
Монголын хөрөнгийн бирж өчигдрийн байдлаар 6.9 их наяд төгрөгийн арилжаа хийжээ. Үүнээс нь түүхий эд 6.2 их наяд, хувьцаа 501.7, компанийн бонд 137.4, хөрөнгөөр баталгаажсан цаас 60.9, хөрөнгө оруулалтын сан 5.8 тэрбум төгрөг байгаа юм.