СЭЛЭНГЭ: Тосгоны иргэд орон нутагтаа гадаад паспортын үйлчилгээг авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-08 12:16:07

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 08 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа гадаад паспортын үйлчилгээг бүх сумдад оруулах үйлчилгээг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхлээд байна.

 

Энэхүү ажлыг аймгийн Засаг дарга дэмжиж, сумдын Засаг дарга нар хөрөнгө оруулалт хийсний үр дүнд амжилттай хэрэгжиж байгаа хэмээн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг онцлов.

 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 5 сум, нэг тосгонд энэхүү үйлчилгээг оруулаад байгаа бөгөөд хөвчийн тосгон гэгдэх Ерөө сумын 3-р баг буюу Бугант тосгоны иргэд орон нутагтаа гадаад паспортын үйлчилгээг авч эхэлжээ.  

 

Сумуудад хийж байгаа гадаад паспортын үйлчилгээг хурдан шуурхай явуулахын тулд Монгол Шуудан компани болон бусад холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа аж.

 

Цаашид аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх ажлыг үргэлжлүүлэн ирэх 4 сар гэхэд Мандал, Сайхан сумдад хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг, үлдсэн сумуудад эд хөрөнгийн, газрын анхны үйлчилгээг, мөн гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

 

相关新闻