ДАРХАН-УУЛ: Чөлөөт бөхийн олон хотын тэмцээнд Дархан-Уул аймгийн баг тамирчид түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-08 17:51:52

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Спортын мастер Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн энэ сарын 6,7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж өндөрлөлөө.

Тэмцээнд Улаанбаатар хотын Алдар спорт хороо, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Сүхбаатар аймаг, Хиагт, Улаан-Үд, ӨМӨЗО-ны баг тамирчдаас бүрдсэн нийт 24 клубийн 370 гаруй тамирчид оролцсон аж.




Өсвөрийн тамирчдын ур чадвар, хүчийг сорьсон ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн тэмцээний багийн нийлбэр дүнгээр Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн БТСГ, Дархан-Эрхэт клуб түрүүлжээ. Багийн нийлбэр дүнгээр удаах байруудад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймаг, Э.Одгарав дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тус тус шалгарчээ.




Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Дархан-Эрхэт клубийн тамирчин П.Хүсэл-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тамирчнаар Алдар спорт хорооны тамирчин А.Амар-Орчлон нар тодорсон байна.




Өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээнийг Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн холбоо, аймаг, сумын ЗДТГ, Ц.Жигдэн агсны үр хүүхэд хамтран зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Баганадант ХХК ажиллажээ.

相关新闻