Хүүхдийн ордны харьяа бөхийн дугуйланг сэргээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн ордонд өнөөдөр тус ордны захирал
Б.Цэнгэлмаа, Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав, Засгийн газрын тохируулагч
агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны дарга О.Баттулга нар хамтран ажиллах санамж бичиг
байгуулж гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол
бөхийн өргөөний Их танхим болон БТСУХ,
Спортын
төв ордны бөхийн зааланд Монголын хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйланг
хичээллүүлэхээр боллоо.
Санамж бичигт, үндэсний
бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад зориулан бага наснаас
нь бие бялдрыг хөгжүүлэх, бөхийн залгамж холбоог үргэлжлүүлэх, монгол бөхийн
хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагыг нэмэгдүүлж, өргөжүүлэхэд талууд харилцан хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаар тусгажээ.
Энэ талаар
БТСУХ-ны дарга О.Баттулга,
“Хүүхэд
багачуудыг спортоор хичээллэх, эрүүл чийрэг байлгах, спорт руу татан оруулах
хүрээнд санамж бичиг байгууллаа. Манай
хорооны зүгээс тухайн ордны спортын дугуйланд хүүхэд багачууд хамрагдах,
тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж, заал танхимаар ханган ажиллана” гэв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав
хэлэхдээ, Б.Түвдэндорж аварга багшилж байсан Хүүхдийн ордны бөхийн дугуйлан 1991 оноос хойш хичээллэхгүй
болсныг ийнхүү сэргээж байгаа нь таатай байна. Бид бөхийн олон төрлөөр хүүхэд
багачуудыг сургаж хичээллэхэд дэмжин ажиллана гэв.
Түүнчлэн Монголын
Хүүхдийн ордны дэргэд орчин үеийн спортын олон
улсын стандартад нийцсэн Спортын
цогцолбор ордон барихаар төлөвлөж буйг Монголын
Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа дуулгалаа. Ингэснээр Монголын Хүүхдийн ордон
усан
бассейн, жүдо болон үндэсний
бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон,
иог, уран гимнастик, уран нугаралтын спортын
иж бүрэн материаллаг баазтай, сургалт, мэргэжлийн таатай орчныг бүрдэнэ гэдгийг тэрбээр онцлон хэлэв.
Дээрх спорт цогцолборыг Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд барихаар төлөвлөсөн байна.
Монгол бөхийн өргөөнд хүүхдүүд үндэсний бөхөөр хичээллэх боломжтой боллоо.
Анх Монголын Пионер сурагчдын ордон үүсэн байгуулагдсан үеэс эхлэн, 1958-1991 онд Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлсэн түүхтэй аж. Бөхийн дугуйлангийн анхны багшаар 1958-1963 онд С.Гомбо, 1963-1978 онд Үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж аварга, 1978-1990 онд Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва, 1990-1991 онд П.Сумьяа нар багшилж байжээ. Бөхийн дугуйлангаас Улсын арслан П.Дагвасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ, М.Мөнгөн нарын бөхчүүд тодрон гарчээ.